Монгол Улсад гепатит А өвчний эсрэг вакциныг нэвтрүүлснээс хойших сүүлийн 10 жилийн хугацаанд уг халдварын өвчлөлийн тохиолдол 25 дахин буурсан талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Хүүхдүүдийг нэг нас хоёр сартай, мөн хоёр нас хүрэх үед нь тус вакцины хоёр тунд заавал хамруулах шаардлагатай. Энэ нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн эрүүл мэндийг хамгаалахад онцгой үүрэгтэй арга хэмжээ болохыг эрүүл мэндийн салбарынхан онцолж байна.
Эцэг эхчүүд хүүхдүүдээ вакцинд хамрагдсан эсэхийг “Эх, хүүхдийн ягаан дэвтэр”-ээс шалгаж болохоос гадна emongolia.mn цахим систем болон харьяа өрхийн эрүүл мэндийн төвөөс лавлан мэдээлэл авах боломжтой. Хэрэв товлолын хугацаанд вакцинд хамрагдаж амжаагүй бол гурав хүртэлх насны хүүхдүүдийг сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр нөхөн дархлаажуулах боломж бүрэн нээлттэй байгаа ажээ.
Халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол дархлаажуулалт гэдгийг мэргэжилтнүүд дахин дахин анхааруулж байна.