Технологийн салбарын хоёр аварга тоглогч Google болон Samsung Electronics компаниуд анх удаа өргөтгөсөн бодит байдал (XR) дээр суурилсан ухаалаг нүдний шил бүтээхээр хамтарч буйгаа албан ёсоор зарлалаа. Энэхүү мэдэгдлийг Google I/O 2025 хөгжүүлэгчдийн чуулганы үеэр хийсэн бөгөөд анхны төхөөрөмжийг энэ оны эцэс гэхэд танилцуулах төлөвтэй байна.
“Moohan” — Хязгааргүй боломж
Төслийн нэрийг “Moohan” гэж нэрлэжээ. Энэ нь солонгос хэлээр “хязгааргүй” гэсэн утгатай бөгөөд шинэ үеийн технологийн чадавх, хиймэл оюун ухаан, загвар дизайны цогц шийдлийг илтгэж байна.
Google өмнө нь 2010-аад оны эхээр “Google Glass” нэртэй ухаалаг шил туршиж байсан ч хэрэглэгчийн зүгээс хувийн нууцлалын асуудал, дизайн, практик хэрэглээний сул талууд зэргээс шалтгаалан 2015 онд төслөө зогсоосон. Харин энэ удаад Samsung-тай хамтран илүү боловсронгуй, хэрэглэгчдэд ээлтэй шийдлээр эргэн ирэх гэж байна.
Шилэн доторх ухаалаг ертөнц
XR ухаалаг нүдний шилний боломжууд:
- Камер, микрофон, чанга яригч зэрэг суурилуулсан төхөөрөмж
- Ухаалаг утсанд холбогдон ажиллана
- Хэрэглэгчийн гараар хүрэлгүй удирдах боломжтой
- Google Maps-аар байршил заах,
- Орчуулгын функц зэрэг хиймэл оюун ухаанд суурилсан олон боломжтой
Загвар — технологийн шинэ тулааны гол түлхүүр
Зөвхөн технологийн төдийгүй загвар, хэрэглээний тав тух дээр ч томоохон анхаарал хандуулж буй нь энэ төслийн онцлог. Загварын шийдлийг:
- Өмнөд Солонгосын Gentle Monster
- АНУ-ын Warby Parker
брэндүүд хариуцаж байгаа нь ухаалаг нүдний шилнийг өдөр тутамд ч зүүхэд эвтэйхэн, гоёмсог, минимал шийдэлтэй байхыг зорьсны илэрхийлэл юм.
Meta компанийн Ray-Ban ухаалаг шил аль хэдийн зах зээлд байр сууриа олсон байгаа энэ үед Google–Samsung хамтын ажиллагаа шинэ эрин үеийн өрсөлдөөн эхлүүлж, XR шилний зах зээлд “хязгааргүй” өрсөлдөөн бий болох нь гарцаагүй.