Хэнтий аймгийн Гүрмийн нууранд 27 настай эрэгтэй иргэн усанд орж осолдсон харамсалтай хэрэг гарчээ. Осолдсон иргэн нь Сүхбаатар аймгийн харьяат “Г” овогтой бөгөөд тус хэргийн талаар Хэнтий аймгийн Онцгой байдлын газар албан ёсоор мэдээллээ.
Одоогоор тухайн иргэнийг уснаас эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Онцгой байдлын алба хаагчид нуурын эргэн тойронд эрэл хийж байна.
Онцгой байдлын анхааруулга:
Онцгой байдлын байгууллагаас иргэдийг баяр, амралтын өдрүүдэд усанд сэлэх, аялах, зугаалахдаа дараах зүйлд анхаарахыг зөвлөж байна:
- Гүехэн эсвэл танил бус газар усанд орохоос зайлсхийх
- Аюулгүйн хантааз, сэлэлтийн хэрэгсэл ашиглах
- Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх
- Хүүхдийг харгалзагчгүйгээр гол, нуурын эрэгт орхихгүй байх
Иргэдийн хайхрамжгүй, болгоомжгүй үйлдэл амь насанд ноцтой аюул учруулах эрсдэлтэй тул амралтын өдрүүдэд илүү хариуцлагатай, анхаарал болгоомжтой байхыг дахин сэрэмжлүүлж байна.