Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/ Жил бүрийн наймдугаар сарын 1-7-ны өдрийг дэлхий даяар “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ үеэр Гурван гал эмнэлгийн хөхөөр хооллолтын зөвлөх эмч Х.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа.
- Сүүлийн үед ээжүүд хүүхдээ хөхнөөс эрт гаргаж, хуурай сүү хэрэглэдэг болсон. Хүүхдийг хөхөөр хооллох нь ямар ач тустай вэ?
Хүүхдийг хөхөөр хооллох нь уушгины хатгалгаа, суулгалт зэрэг өвчнөөс хамгаалж, хүүхдийн дархлааны тогтолцоог бэхжүүлдэг. Мөн хүүхдийн тархины хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ээж нь хүүхдээ хөхүүлж байх үед хайрын даавар болох окситоцин ялгарч, хүүхдийн тархины уураг хөгжинө. Энэ нь хүүхдийн насан туршийн дархлааг бий болгож, өсөлтөд ч нөлөөлдөг.
- Хүүхдээ хэдэн нас хүртэл хөхөөр хооллох нь зөв вэ?
Хүүхдийг хоёр нас хүртэл хөхөөр хооллох нь зөв. Хоёр наснаас дээш ч ээж хүсвэл хөхөөр хооллож болно. Судалгаагаар хөхөөр хооллох нь хүүхдийн шүдний буруу ургалт, шүд цоорох эмгэгээс хамгаалдаг гэж тогтоогдсон. Хүүхэддээ чихэр өгч, амны хөндийн эрүүл мэндийг хангаж байвал шүд цоорох эрсдэл буурдаг. Хүүхдээ хөхнөөс гаргахдаа аажим аажмаар дасгаж, хөхний сүүгээ сааж бэлдэн, бор хоолонд оруулсны дараа гаргах нь илүү амар байдаг.
- Хүүхдээ хөхнөөс гаргахдаа хэрхэн анхаарах вэ?
Хүүхдийг хөхнөөс гаргахдаа хэт хурдан биш, аажим хүлээлттэй байх хэрэгтэй. Мөн бусдын зөвлөгөөгөөр биш, эмчид хандан зөвлөгөө авч хэрэгжүүлэх нь чухал. Эхчүүд өөрсдийн санаа, сэтгэл зүйд анхаарал тавих хэрэгтэй, учир нь гэнэтийн сэтгэл санааны цочрол, хөхний гэмтэл зэрэг сөрөг нөлөөгөөр хүүхэд төөрөгдөлд орж болно.
- Кесарево хагалгаа хийлгэсэн болон өөрөө амаржсан эхийн хөхний сүүний ялгаа байдаг уу?
Хийсвэр хагалгаа болон өөрөөр төрсөн эхийн хөхний сүүний ялгаа байдаггүй. Гэхдээ хийсвэр хагалгаа хийлгэсэн үед эх хүүхэд хоёр тусдаа байдаг учраас сүүний гарц бага байж болно. Тиймээс эхчүүд ангир уураг хурдан амлуулах нь чухал.
- Эхийн сэтгэл санаа сүүний гарцад нөлөөлдөг үү?
Эхийн сэтгэл санаа, стресс нь сүүний гарцад шууд нөлөөлдөг. Төрсний дараах сэтгэл гутрал, хямрал нь сүүний гарцыг багасгадаг. Эхчүүд өөрсдийн сэтгэл санаагаа тайван байлгаж, хүүхдээ хөхөөр хооллох нь маш чухал.