Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламжгүй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт хийх үеэрээ хотын стандарт, соёлын асуудал дээр онцгойлон байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр:
- “Өнгөрсөн жил авто замын компаниудыг зам тавьж чаддаггүй гэж ихээхэн шүүмжилсэн. Харин энэ жилээс ажлын чанар сайжирч эхэлж байна. Гэсэн ч явган хүний зам тавьж байгаа компаниудыг бүгдийг шүүмжилж байгаа. Их хот гэдэг бол стандартуудын нийлбэр юм” гэв.
Түгжрэлийг бууруулах хоёр том төсөл
Хотын даргын мэдээлснээр:
- Туулын хурдны замыг 24 сарын дотор барьж ашиглалтад оруулснаар түгжрэлийг 15%-аар бууруулах тооцоо гарсан байна.
- Наймдугаар сарын 28-нд зарлагдах Тойрог хурдны замын тендерийн хүрээнд 30 сарын хугацаанд баригдаж, түгжрэлийг 40%-аар багасгах боломжтой гэжээ.
Ингэснээр хоёр зам ашиглалтад орвол Улаанбаатар хотын түгжрэл нийтдээ 50% буурах аж.
Хүмүүжил, соёлын хямрал
Х.Нямбаатарын хэлснээр нийслэлийн иргэдийн боловсрол, хүмүүжилд ноцтой асуудал байна.
- Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг Ус сувгийн удирдах газарт аваачиж, 00-ын шугам бөглөрөх шалтгааныг бодитоор харуулах сургалт хийхээр төлөвлөж буйгаа хэлэв.
- Тэрээр: “Цонхоороо тамхи нясалдаг, замын хажуугийн хашлагыг эвддэг, дүрмээ үл мөрддөг иргэд олон байна. Энэ байдлаар бол хоёр сая хүмүүжилгүй иргэн нэг дор байвал хүй нэгдлийн нийгэм рүүгээ ухарна” хэмээн анхаарууллаа.
Мөн хотын дарга замын хөдөлгөөний соёл, инженерийн байгууламжийг хамгаалах, иргэдийг дүрэм журамд сургах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камер нэвтрүүлэх шаардлагатайг онцолсон юм.