Монголын аялал жуулчлалын холбоо олон улсын спорт, аяллын төслийг хэрэгжүүлж, аялал жуулчлалыг дэлхийд сурталчлах зорилгоор “Empower Mongolia – Breaking Boundaries” нэртэй хэт холын гүйлтийн аяллыг наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 1-ний хооронд амжилттай зохион байгуулжээ.
Аялалд Австри, Герман, Испани, Франц, Швейцар, Шинэ Зеланд болон Монгол Улсын нийт 20 гаруй тамирчин оролцсоноос долоон эмэгтэй Өвөрхангай аймгийн Бүрд, Хархорин, Орхоны хөндий, Бат-Өлзий, Хужирт сумдын нутгаар дөрвөн өдрийн турш гүйсэн байна.
Энэхүү аяллын зорилго нь:
- Эмэгтэй тамирчдын үнэлэмжийг дээшлүүлэх,
- Соёлын солилцоог өргөжүүлэх,
- Монголын нүүдлийн өвөрмөц соёл, байгаль орчны онцлогийг олон улсад сурталчлахад чиглэжээ.
Төслийг МАЖХ, ХБНГУ-ын “Арчис. Бизнес” ХХК болон “Falke Ergonomic Sport Systems” брэнд хамтран хэрэгжүүлсэн бөгөөд оролцогчид өөрсдийн сошиал хуудас болон олон улсын хэвлэл мэдээллийн сувгаар аяллын туршлагаа хуваалцсан нь Монголын эерэг имижийг түгээн дэлгэрүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн гэж зохион байгуулагчид онцолж байна.
Цаашид уг төсөл нь Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын нэг хэсэг болон өргөжиж, баруун Европын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах төлөвтэй байна.