Сүүлийн үед олон улс оронд бүтээмжийн асуудал нийгмийн анхаарлын төвд ороод байна. Тухайлбал, Австрали улсын хөдөлмөрийн бүтээмж нь сүүлийн 60 жилийн хамгийн доод түвшинд хүрээд байгаа нь улс төр, эдийн засгийн томоохон хэлэлцүүлэг өрнүүлэх шалтгаан болжээ. Энэ хүрээнд тус улсын Ерөнхий сайд Энтони Албанез бүтээмжийн чуулганыг ирэх сард зохион байгуулах бөгөөд чуулганд зориулсан Бүтээмжийн комиссын завсрын тайланд өгөгдөл, дижитал технологи, тэр дундаа хиймэл оюун ухааны тухай онцолсон байна.
AI буюу хиймэл оюун ухааныг технологийн салбарынхан бүтээмжийг өсгөх хамгийн том боломж хэмээн сурталчилсаар ирсэн. Үүнийг батлах мэтээр Австралийн Бизнесийн Зөвлөл ч AI-г “энэ цаг үеийн хамгийн чухал боломж” хэмээн тодорхойлсон. Гэхдээ AI үнэхээр бүтээмжид нөлөөлж байгаа эсэхийг ямар үндэслэл, нотолгоогоор тогтоож болох вэ?
Бүтээмж гэж яг юу вэ?
Хялбаршуулан ойлговол, бүтээмж гэдэг нь тухайн нөөц (ажиллах хүч, түүхий эд, цаг хугацаа) ашиглан хэр их үр дүнд хүрч байгаа үзүүлэлт юм. Бүтээмж өндөр байх тусам амьжиргааны түвшин нэмэгддэг гэж үздэг. Жишээ нь, Австрали улсын орлогын өсөлтийн 80 хувийг бүтээмжийн өсөлт бүрдүүлж байсан.
Бүтээмжийг дараах гурван түвшинд авч үздэг:
- Хувь хүний бүтээмж: Хувь хүн цаг хугацаагаа хэр үр ашигтай зарцуулж буйг харуулдаг.
- Байгууллагын бүтээмж: Байгууллага зорилгоо ямар түвшинд хангаж буйг илэрхийлдэг.
- Улсын бүтээмж: ДНБ дээр суурилсан үндэсний эдийн засгийн үр ашгийг хэмждэг.
Хувь хүн болон байгууллагын бүтээмжийн өсөлт нь улс орны хэмжээнд хэрхэн нөлөөлдөгийг нарийн тооцоолох төвөгтэй.
AI хувь хүний бүтээмжийг нэмдэг үү?
AI ашигласан ажилчид илүү бүтээмжтэй байдаг гэдгийг харуулсан судалгаа бий. Тухайлбал, “Procter & Gamble”-ийн судалгаагаар AI ашигласан ажилтан хоёр хүний ажлыг ганцаараа хийж байсан нь тогтоогдсон. Мөн 2023 онд Boston Consulting Group-д хийсэн судалгаанд генератив AI ашигласан зөвлөхүүд ажлаа 18 хувиар илүү хурдан хийж байжээ. Fortune 500 компанид хийсэн судалгаагаар хэрэглэгчдэд үйлчлэх ажилчдын бүтээмж 14 хувиар өссөн бол туршлага багатай ажилчдын бүтээмж 35 хувиар өссөн байна.
Гэхдээ AI үргэлж эерэг үр дүн авчирдаггүй. 2,500 мэргэжилтэн оролцсон нэгэн судалгаанд ажилчдын 77 хувь нь AI хэрэглэснээр ажлын ачаалал нэмэгдсэн гэж хариулжээ. Мөн 47 хувь нь AI-г хэрхэн зөв ашиглах аргаа мэдэхгүй байгаагаа илэрхийлсэн. Энэ нь AI ашиглалтаас хэт их хүлээлттэй байх, үр дүнг заавал шалгах шаардлага үүсэх, сурч эзэмших процесс цаг шаарддаг зэргээс шалтгаалж байна.
CSIRO-ийн судалгаанд Microsoft 365 Copilot ашигласан олон ажилтан AI-аас бүтээмжийн ахиц авчээ. Гэхдээ оролцогчдын 30 хувь нь ямар ч нэмэгдэл мэдрээгүй гэж хариулсан байна.
AI байгууллагын бүтээмжид нөлөөлөх үү?
AI байгууллагын бүтээмжид хэрхэн нөлөөлж буйг хэмжихэд хүндрэлтэй байдаг. Гэсэн ч Олон улсын эдийн засгийн байгууллага (OECD)-ийн дүгнэлтээр уламжлалт AI технологи нь салбар бүрт бүтээмжийг 0-11 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж үзжээ.
Герман, Итали, Тайваньд хийсэн судалгаагаар AI ашигласан байгууллагууд илүү өндөр бүтээмжтэй болсон дүгнэлт гарсан. Харин АНУ-ын 300 мянган компанид хийсэн судалгаанд AI болон бүтээмжийн хооронд тодорхой хамаарал илрээгүй бөгөөд үүний оронд робот, үүлэн технологийн нөлөө илүү тодорхой байсан байна.
Улсын хэмжээнд AI хэр үр дүнтэй байна вэ?
Үндэсний хэмжээнд AI бүтээмжид одоогоор тодорхой нөлөө үзүүлсэн эсэх нь тодорхойгүй. Учир нь технологи олон нийтэд нэвтрэхийн тулд цаг хугацаа, дэд бүтэц, сургалт шаарддаг. Түүнчлэн шинэ технологи үргэлж эерэг нөлөө үзүүлнэ гэсэн баталгаа байхгүй. Жишээ нь, интернет бүтээмжид эерэг нөлөө үзүүлсэн гэдэгтэй санал нэгддэг ч гар утас, сошиал медиа зэрэг нь зарим тохиолдолд сөрөг үр дагавартай байж болзошгүй.
Бүтээмж зөвхөн хурд биш
AI бол энгийн ажлыг хялбаршуулж, илүү бүтээлч ажилд төвлөрөх боломж олгодог гэж технологийн компаниуд тайлбарладаг. Гэхдээ бодит амьдрал дээр энэ үзэл үнэн хэрэгтээ төдийлөн нийцэхгүй. Жишээ нь, и-мэйлээ хурдан шалгасан ч, үр дүнд нь илүү их и-мэйл хүлээн авч ажлын ачаалал улам нэмэгдэх боломжтой. Тиймээс бүтээмж зөвхөн ажлаа хурдан хийх тухай биш, харин бодитоор үнэ цэнтэй үр дүн гаргах тухай ойлголт юм.