Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын санаачилгаар байгаль орчны нөхөн сэргээлтийн хүрээнд тус дүүргийн 13 хороонд үүссэн үүсмэл хогийн цэгүүдийг цэвэрлэж, оронд нь ойн зурвас үүсгэх ажлыг амжилттай хэрэгжүүлжээ.
14 хоногийн хугацаанд нийт 45 байршлаас 500 орчим тонн хог хаягдлыг цэвэрлэн Нарангийн төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөсөн байна. Цэвэрлэгээний дараа 3.1 км урт хашаа барьж, нийт 38 га талбайд 8800 ширхэг улиас, 1200 ширхэг хайлаас, бургас тарьж, байгалийн нөхцөлд зохицсон ногоон бүсийг бий болгожээ.
Ойн зурвас үүсгэх ажлыг хэрэгжүүлэхэд дүүргийн Засаг даргын Тамгын газар, боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд, иргэдийн бүлэг, хороодын ажилтнууд, зэвсэгт хүчний 013 дугаар анги, цэргийн дүйцүүлэх алба, тохижилт, ногоон байгууламжийн байгууллагууд зэрэг нийт 5000 гаруй хүн хамтран оролцсон байна.
Энэхүү ажил нь хаягдал хогийн цэгийг нөхөн сэргээлт хийх замаар байгальд ээлтэй, иргэдэд эерэг нөлөө үзүүлэх орчин болгон өөрчилсөн тод жишээ болж байна. Түүнчлэн дүүргийн иргэдийн оролцоо, хамтын хүчээр хүрээлэн буй орчноо хамгаалах, сайжруулах боломж бодитоор хэрэгжиж болдгийг харууллаа.