Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман 2025 оны долдугаар сарын 17-19-ний өдрүүдэд манай улсад анх удаа албан ёсоор айлчилж байна.
Энэхүү айлчлал нь хоёр орны дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд Хорватын Гадаад хэргийн сайдын түвшинд хэрэгжиж буй анхны түүхэн айлчлал гэдгээрээ онцлог юм.
Айлчлалын хүрээнд хоёр улсын Гадаад хэргийн сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөв, бүс нутгийн болон олон улсын харилцааны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.
Мөн айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааны тодорхой баримт бичгүүдэд гарын үсэг зурах ба хэлэлцээний дүнгээр сэтгүүлчдэд албан ёсоор мэдээлэл өгнө гэж ГХЯ-наас мэдээлэв.
Монгол Улс болон Хорватын хооронд 1993 оны гуравдугаар сарын 10-нд дипломат харилцаа тогтоож байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж ирсэн. Харин энэхүү дээд түвшний айлчлал нь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хүлээлт үүсгээд байна.