Ховд аймгийн Ховд сумын нутаг дахь Торх улаан хэмээх уулын хойд бэлд орших хоёр хүн чулуун хөшөө нь Монгол төдийгүй Төв Азид олдсон хамгийн том хүн чулуун баримлуудын тоонд зүй ёсоор багтаж байна. Уг дурсгалыг нутгийн иргэд “Торх улааны хүн чулуу” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ бүс нутгийг эртний нүүдэлчдийн булш, хиргисүүр, хөшөө дурсгал ихтэй хэмээн эрдэмтэн судлаачид тэмдэглэжээ.
Эдгээр хөшөөний нэг нь 323 см, нөгөө нь 279 см өндөртэй бөгөөд аль аль нь анхны хэлбэр дүрсээ тодорхой хэмжээгээр хадгалсан байгаа нь судалгааны хувьд чухал ач холбогдолтой юм. Газар хэвтээ байдалтай буй нэг хөшөөн дээр хүний нүүр царай, нүд, хамар, уруулыг тод томруун сийлсэн байдаг бол хоёр мөрийг ч бас товойлгон илэрхийлжээ. Гараа цээж орчимд нийлүүлэн ямар нэгэн эд зүйлс атгаж байгаа байдалтай дүрсэлсэн нь харагддаг ч цаг хугацааны явцад дүрслэл нь бүдгэрсэн байна.
Харин нөгөө хөшөө нь дөрвөлжин чулуун хүрээ бүхий байгууламж дотор босоо байрлалтай оршдог бөгөөд малгай, хүний нүүрийг арвай хэлбэртэйгээр, шулуун хамар, тод уруул, гарыг домбо хэлбэрийн сав барьсан байдалтайгаар урласан нь сонирхол татдаг. Хөшөөний доод хэсэгт сэлэм дүрслэгдсэн нь тухайн хүний нийгмийн байр суурь, цэргийн шинж чанартай байсныг илтгэж болох юм.
Эдгээр хөшөөг анх 2008 оны наймдугаар сард Ховд их сургууль, Монгол Алтай судлалын хүрээлэн, ОХУ-ын Томскийн их сургуулийн хамтарсан судалгааны баг Ховд болон Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэрт археологийн хайгуул хийх үеэрээ нээж илрүүлсэн байдаг.
Уг хүн чулуун хөшөө нь хэмжээ, урлалын нарийвчлал, дүрслэлийн өвөрмөц байдлаараа онцгой бөгөөд Монголын түүх, соёлын үнэт өвийн нэгэн чухал дурсгал хэмээн үзэхэд маргаангүй юм.