Хориглосон зам, маршрутаар хөдөлгөөн хийхгүй байхыг иргэдэд сануулав
Монгол Улсын Шадар сайдын 2026 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн 27 дугаар тушаалаар баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэгдсэн удирдамж”-ийн хүрээнд Онцгой байдлын байгууллага мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Хөвсгөл нуурын мөс цөмрөх эрсдэлтэй хэсгээр зорчихыг холбогдох орон нутгийн захиргааны шийдвэрүүдээр хориглосон байна.
Мөсөн замын хөдөлгөөнийг албан ёсоор хориглосон
Тодруулбал:
- Хөвсгөл аймгийн Засаг даргын 2026 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн А/31 дугаар захирамж
- Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн 2026 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн А/08 дугаар захирамж
- Ханх сумын Засаг даргын 2025 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдрийн А/64 дугаар захирамж
зэрэг шийдвэрүүдээр мөсөн замаар тээврийн хэрэгсэл зорчихыг хориглосон байна.
Мөс цөмөрсөн дуудлага найман удаа бүртгэгджээ
Хориглосон шийдвэрийг үл тоон мөсөн дээгүүр зорчсоноос иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохирох тохиолдол бүртгэгдсээр байна.
2026 оны гуравдугаар сарын 12-ны байдлаар Хөвсгөл аймагт мөс цөмөрсөн нийт 8 удаагийн дуудлага бүртгэгдэж, аймгийн Онцгой байдлын алба хаагчид аврах ажиллагаанд ажилласан байна.
Хуулийн хариуцлага хүлээлгэж байна
Он гарсаар захирамжаар хориглосон замаар зорчиж аюулгүй байдлаа хангаагүй 3 ослын тохиолдол бүртгэгдэж, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч зөрчлийн хэрэг үүсгэн шалгажээ.
Мөн аврах ажиллагаанд зарцуулсан зардал, дайчлагдан ажилласан байгууллага болон иргэдийн гаргасан зардлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч байна.
Хууль зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулна
Гамшгаас хамгаалах тухай хуульд дараах үүргүүдийг заасан байдаг.
- 37.2.1 — Эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг биелүүлэх
- 37.2.3 — Өдөр тутмын үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг хангах
- 37.2.7 — Шийдвэрийг зөрчсөний улмаас гарсан хохирол, зардлыг нөхөн төлөх
Эдгээр заалтыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу:
- иргэнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр
- хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр
торгох арга хэмжээ авдаг.
Мөн төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд нэмэлт хариуцлага тооцох боломжтой.
Иргэдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа
Иймд иргэд болон тээвэр эрхлэгчдийг мөсөн дээгүүр зорчихгүй байх, аж ахуйн нэгж байгууллагууд мөсний баяр, тэмдэглэлт ой зэрэг арга хэмжээг мөсөн дээр зохион байгуулахгүй байхыг анхааруулж байна.
Энэ нь иргэдийг болзошгүй осол, эрсдэлээс хамгаалах чухал арга хэмжээ болохыг Онцгой байдлын байгууллагаас онцолжээ.





