Хүнд металлын хөгжмийн домогт “Black Sabbath” хамтлагийн гоцлол дуучин Оззи Осборн 76 насандаа таалал төгссэнийг түүний гэр бүл мэдэгдлээ.
2019 онд Паркинсоны өвчинтэй гэж оношлогдсон тэрээр хоёр долоо хоногийн өмнө төрөлх Английн Бирмингэм хотод сүүлийн тоглолтоо хийсэн байв.
Хард рокоос үүсэл гарвалтай хүнд металл хөгжмийн анхдагчдын нэг болох Осборны “Black Sabbath” хамтлаг 1970-аад онд гайхалтай амжилт гаргаж, тухайн үеийн хөгжмийн ертөнцийг тодорхойлж байв.
“Харанхуйн Ханхүү” хэмээх хочтой тэрээр нэг удаа тайзан дээр сарьсан багваахайн толгойг хазаж, олон нийтийг цочирдуулж байсан билээ.
1948 оны 12-р сарын 3-нд Бирмингэм хотод Жон Майкл Осборн нэртэй төрсөн тэрээр 15 насандаа сургуулиа орхиж, олон төрлийн ажил хийж байв. Тэр дундаа үйлдвэрт ажиллаж байсан удаатай.
Хожим тэрээр сургуулийн найз Гизер Батлерын хамт хөгжмийн карьераа эхлүүлсэн юм.
Осборн мөн “The Osbournes” нэртэй реалити шоуны од болж, өөрийн гэр бүлийн амьдралыг дэлхий дахинд харуулж байв.
Саяхан тэрээр Бирмингэм дэх Вилла Парк цэнгэлдэх хүрээлэнд 42,000 шүтэн бишрэгчийн өмнө салах ёсны тоглолтоо хийсэн.
“Энэ бол хамгийн сүүлчийн дуу. Та бүхний дэмжлэг бидэнд гайхалтай хэв маягаар амьдрах боломжийг олгосон юм. Чин сэтгэлээсээ баярлалаа” гэж тэр хамтлагийнхаа хамгийн алдартай “Paranoid” дууг дуулсны дараа хэлжээ.
Jane’s Addiction хамтлагийн Дэйв Наварро 2010 онд “Rolling Stone” сэтгүүлд “Black Sabbath бол хүнд металлын Битлз юм. Металл хөгжим сонсдог хүн бүр ингэж хэлнэ” гэж бичсэн байдаг.
Осборн амьдралынхаа туршид хоёр удаа гэрлэж, зургаан хүүхдийн аав болсон. Одоогийн эхнэр Шэронтойгоо 1982 онд гэрлэсэн бөгөөд тэд Кэлли, Эйми, Жэк хэмээх гурван хүүхэдтэй.