“Хурд” хамтлаг Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл жүжиг тавихаар болж, албан ёсны дүрийн сонгон шалгаруулалтаа зарлан хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Олон улсын стандартыг Монголд нэвтрүүлнэ
Зохион байгуулагчдын зүгээс энэхүү төсөл нь олон улсын жишигт нийцсэн мюзиклийг Монголд нутагшуулж, үзэгчдэд мэргэжлийн өндөр түвшинд хүргэх зорилготойг онцолсон байна.
“Хурд” хамтлагийн гитарчин, продюсер, МУГЖ Д.Отгонбаяр “Энэ оны намар буюу аравдугаар сард соёл урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулахуйц томоохон ажлыг хамтлагийнхаа 35 жилийн ойг угтан зохион байгуулна. Их Британийн тайзны найруулагч, гэрлийн найруулагч, хөгжмийн найруулагч зэрэг тайзны нарийн мэргэжлийн хүмүүс хамрагдаж, гадаад дотоодын уран бүтээлчид хамтран Монголд анх удаа мэргэжлийн өндөр түвшний стандартыг тогтоох гэж байна. Дэлхийн стандартад нийцсэн мюзикл болох учраас зөвхөн “Хурд” хамтлагийг тойрсон баг бүрэлдэхүүн гэхээс илүүтэй Монголд соёл урлагийн төлөө, театрын төлөө зүтгэж байгаа олон сайхан авьяастан оролцох юм” гэлээ.
Гадаад, дотоодын хамтарсан бүтээл
Төслийн хүрээнд Их Британийн мэргэжлийн найруулагч, хөгжмийн болон гэрэлтүүлгийн дизайнерууд, бүжиг дэглэгчид оролцож, монгол уран бүтээлчидтэй хамтран ажиллах аж. Энэ хугацаанд тэд уран бүтээлчдэд зориулсан мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулж, театрын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах юм.
Олон улсын зах зээлд гаргах зорилго
Уг бүтээлийг зөвхөн дотоодын тайзнаа тоглоод зогсохгүй цаашид Англи, Европ болон Зүүн Өмнөд Азийн орнуудад хүргэх урт хугацааны зорилготой байна.
Зохион байгуулагчдын мэдээлснээр Британийн уран бүтээлчдийн бүрэлдэхүүнийг 2026 оны дөрөвдүгээр сард зарлах бөгөөд дүрийн сонгон шалгаруулалтад гадаад, дотоодын уран бүтээлчид оролцох боломжтой.





