-26.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 16, 2025

Хүрэлсүх Пап Арвандөрөвдүгээр Леотой Ватиканд нууцгүй ярилцав

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн, Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Лео нар албан ёсны уулзалт хийв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Пап Арвандөрөвдүгээр Леог Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, түүнчлэн даян дэлхийн католик шашны тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ.

Түүх, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ

Хоёр улсын төрийн тэргүүн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд тогтвортой идэвхжиж байгааг онцлон тэмдэглэв. Цаашид энэ харилцааг улам өргөжүүлж, ялангуяа түүх, соёл, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шаардлагатай гэдэг дээр санал нэгджээ.

Мөн олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцож, даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг дэмжихэд хувь нэмэр оруулахын тулд хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Талууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, ядуурал зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй томоохон сорилтуудын эсрэг хамтын хүчин чармайлтаа нэгтгэхээ нотоллоо.

Пап Арвандөрөвдүгээр Лео хэн бэ?

Пап Арвандөрөвдүгээр Лео 2025 онд Ромын Папын суудалд заларч, Католик сүмийн 267 дахь тэргүүнээр сонгогдсон.

Тэрбээр Гэгээн Августинийн шашны сургуульд суралцаж, АНУ-ын Виллановагийн их сургуульд тоо, философийн чиглэлээр, Чикаго хотын Католик теологийн холбоонд шашны онол, судлалын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн. Харин Ром хотын Гэгээн Томас Аквинасын нэрэмжит Папын харьяаны их сургуульд докторын зэрэг хамгаалсан байна.

Гэгээн Ширээт Улсын онцлог: жижиг нутаг дэвсгэр, дэлхийн нөлөө

Гэгээн Ширээт Улс буюу Ватикан нь Италийн нийслэл Ром хотын дотор орших, ердөө 0.44 км² нутаг дэвсгэртэй хот-улс юм. Ойролцоогоор 900 орчим хүн амтай бөгөөд ихэнх нь итали болон швейцар гаралтай иргэд байдаг.

Улсын жилийн төсөв нь 890 гаруй сая евро бөгөөд арилжааны сонгодог эдийн засгаас ялгаатай, өвөрмөц бүтэцтэй. Төсвийн орлогын ихэнх хэсгийг хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө, католик шашинтнуудын хандив, өргөл, шашны ном, бичиг баримт хэвлэх, музей, дурсгалын зоос, медаль зэргийн орлого бүрдүүлдэг.

Гэгээн Ширээт Улс нь дэлхийн 183 улс болон Европын Холбоо-той дипломат харилцаатай. Олон улсын 34 байгууллагад бүрэн эрхт гишүүн эсвэл байнгын ажиглагчийн статустай оролцдог.

Тус улс шашны болон дипломат ёслолын нарийн, хатуу дэг жаягийг чанд сахидаг бөгөөд дэлхийн католик шашны төв, бэлгэдэл хэвээр байна.

Монгол–Ватиканы харилцаа: хүмүүнлэгийн тусламж, боловсролын гүүр

Монгол Улс, Гэгээн Ширээт Улс хоёрын дипломат харилцаа 1992 онд албан ёсоор тогтоогдсон. Үүнээс хойш хоёр тал найрсаг, итгэлцэлтэй харилцаа, хамтын ажиллагааг үе шаттай хөгжүүлж ирсэн.

Монгол дахь Ромын католик шашны тэргүүн Ж.Маренго 2022 онд орчин үеийн түүхэн дэх хамгийн залуу кардиналаар сонгогдсон нь хоёр талын сүсэг бишрэл, шашны түвшний холбоо, харилцан ойлголцлын чухал үзүүлэлт болсон.

Гэгээн Ширээт Улс манай улсад хүмүүнлэгийн чиглэлээр байнга дэмжлэг үзүүлж ирсэн. Тухайлбал:

  • 1993 онд 1,000 кг эм, эмнэлгийн материалыг хүмүүнлэгийн тусламжаар илгээж байв.
  • 1996 оны хавар гарсан ой, хээрийн түймрийн хохирлыг арилгахад 31 мянган ам.долларын хандив үзүүлжээ.
  • 2000 оны зудын хүндрэлийг даван туулахад Ромын Пап Гэгээн хутагт II Ион Павел хувиасаа 50 мянган ам.доллар, харин Ватиканы “Кор Унум” хүмүүнлэгийн байгууллага 30 мянган ам.долларын тусламж илгээж байсан түүхтэй.

Мөн тус улсын тэтгэлгээр 1992 оноос хойш Филиппинд Монголын есөн оюутан, Италид хоёр оюутан суралцсан нь боловсрол, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааны бодит үр дүн болж байна.

Харилцааг шинэ шатанд гаргах улс төрийн дохио

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэхүү төрийн айлчлал, Пап Арвандөрөвдүгээр Леотой хийсэн уулзалт нь Монгол–Гэгээн Ширээт Улсын харилцааг зөвхөн найрсаг түвшинд хадгалахаас гадна, уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, энх тайван зэрэг дэлхийн хэмжээнд тулгамдсан асуудлын хүрээнд хамтын шийдэл эрэлхийлэх шинэ үе шат руу шилжүүлж байгаагаараа онцлог болж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here