Жэжян мужийн оршин суугч Ли гэх хятад эр Xiaomi SU7 Max цахилгаан автомашин худалдаж авсан даруйдаа санаанд оромгүй асуудалтай тулгарсан тухайгаа бичлэг болгон хуваалцаж, цахим орчныг шуугиуллаа. Шалтгаан нь түүний нүдний хэлбэр автомашины “ухаалаг” системд ойлгомжгүй сэтгэгдэл төрүүлсэнтэй холбоотой аж.
1. “Машин намайг унтаж байна гэж бодоод зогсохоо болихгүй юм…”

Ли шинэ автомашинаа жолоодож явах үед машины дэлгэц дээр “Жолоодлогод анхаарлаа хандуулаарай” гэсэн анхааруулга дахин дахин гарч, анхааруулах дохио тасралтгүй дуугарсан байна. Тэрбээр тухайн үед жолоодлогодоо бүрэн анхаарч байсан гэж мэдэгдсэн ч, нүдээ зориудаар том нээж хармагцаа системийн анхааруулга зогссоныг анзаарчээ.
Тэр “Би нүдээ их л том нээсэн — дохио зогслоо. Харин хэвийн хэмжээнд буцаахаар шууд л дохио хангинаж эхэлнэ. Машин миний жижиг нүдийг хараад, намайг унтаж байна гэж бодоод байгаа бололтой” хэмээн инээмсэглэн ярьсан байна.
2. Ухаалаг системийн “алдаа” олон хүнд давтагджээ

Ли-гийн бичлэг цахим орчинд тарсны дараа Xiaomi SU7-гаас гадна дотоодын бусад ухаалаг автомашинууд болох Lynk & Co, Deepal зэрэг брэндүүдийн хэрэглэгчид ч ижил асуудалтай тулгардаг тухай санал сэтгэгдлүүд хөвөрч эхэлжээ. Ухаалаг хяналтын систем нь Азийн хүмүүсийн нүдний онцлогийг (онигор хэлбэр, зовхи гэх мэт) буруу таних тохиолдлууд гардаг байна.
3. Xiaomi албан ёсны мэдэгдэл гаргав
Xiaomi компанийн зүгээс уг бичлэгтэй холбогдуулан тайлбар хийжээ. Тус компанийн мэдэгдэлд дурдсанаар, SU7 автомашинд суурилуулсан жолоочийн ядаргаа илрүүлэгч систем нь жолооч унтаж байна, эсвэл анхаарал сарнисан байж болзошгүй үед автоматаар сааруулж, шаардлагатай тохиолдолд бүрэн зогсох хүртэл аюулгүй байдлын ажиллагаа хийдэг гэнэ.
Гэсэн ч хэрэглэгч энэхүү функцийг тохиргооноос идэвхгүй болгож болдог ч энэ нь аюулгүй байдалд сөрөг үр дагавар авчрах эрсдэлтэйг онцолжээ.
Энэ явдал нь технологи “ухаалаг” болсон ч хүний нүүрний хэлбэр, соёлын ялгааг бүрэн таньж, зохицох чадвар хараахан гүйцэт хөгжөөгүйг харуулсан нэгэн жишээ болж байна. Хэрэв таны нүд жижиг бол, таны машин ч бас таныг “унтаж байна” гэж андуурч магадгүй шүү.