Сүүлийн үед БНХАУ-д насанд хүрэгчдэд зориулсан соск хэрэглэх хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, энэ үзэгдэл олон нийтийн сүлжээнд халуун сэдэв болоод байна. Хятадын “Sina Weibo” цахим сүлжээнд энэ талаархи хаштагтай нийтлэл, бичлэгүүд 68 сая гаруй удаа үзэгдэж, өргөн хэлэлцүүлэг өрнөжээ.
Хятадын “Taobao” цахим худалдааны платформ дээр хамгийн эрэлттэй байгаа насанд хүрэгчдийн соск нь нэг бүр нь 15.90 юань буюу ойролцоогоор 2.20 ам.долларын үнэтэй бөгөөд 10 мянга гаруй ширхэг борлогдсон байна. Ийм төрлийн бүтээгдэхүүний үнэ 8.90-85.90 юань хүртэл хэлбэлзэж, урт нь 4.5 см байдаг нь зургаан сар хүрээгүй нярайд хэрэглэдэг 2.5 см-ийн соскоос илүү урт хэмжээ юм.
Хэрэглэгчдийн зарим нь соск хэрэглэх нь тамхи татах, амттан хэтрүүлэн хэрэглэх зуршлаас салгах, нойрны чанарыг сайжруулах, түгшүүрийг багасгахад тустай гэж үзэж байна. Зарим тохиолдолд шүдээ хавирах, хурхирахыг зогсоох зорилгоор худалдан авсан нь ч бий. Хятадын нэгэн хэрэглэгч соск нь түүнд байнга амттан идэх, хэт их ярих зуршлаас ангижрахад, улмаар жингээ хасах болон сэтгэл санаагаа тайвшруулахад тус болсон талаар ярьжээ.
Гэсэн хэдий ч мэргэжилтнүүд ийм бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг анхааруулж байна.