АНУ-ын Техас мужийн нутаг дэвсгэрт байрлах SpaceX компанийн пуужингийн туршилтын баазын ажилтнууд өөрсдийн амьдардаг баазыг албан ёсны хот болгон байгуулахаар шийдвэрлэлээ. Энэхүү шинэ хотыг Старбэйс (Starbase) гэж нэрлэхээр тогтжээ.
Бямба гарагт Мексиктэй хил залгаа Бока Чика Бэй орчмын 300 орчим оршин суугчдын дунд санал хураалт явуулахад 212 хүн оролцож, зөвхөн зургаа нь эсэргүүцжээ.
SpaceX компанийн пуужингийн туршилт, хөөргөлтийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Бобби Пиден шинэ хотын захирагчаар сонгогдсон байна.
SpaceX-ийн гүйцэтгэх захирал Илон Маск уг шийдвэрийг баталгаажуулж өөрийн цахим хуудсандаа:
“Старбэйс, Техас. Одоо жинхэнэ хот боллоо” гэж мэдэгджээ.
Хот байгуулах санаачлага хэрхэн эхэлсэн бэ?
Дөрвөн жилийн өмнө Илон Маск тус баазад зочлох үеэрээ ажилчдын хотхонд “Старбэйс” нэрийг санал болгож байсан. Харин 2023 оны арванхоёрдугаар сард SpaceX-ийн ерөнхий менежер Кэтрин Лудерс хотын статус олгох хүсэлтийг орон нутгийн захиргаанд албан ёсоор гаргажээ.
Түгшүүртэй байр суурь
Гэвч шинэ хот байгуулах санаачилгыг зарим орон нутгийн оршин суугчид болон байгаль хамгаалагчид таатай хүлээж аваагүй. Тэд SpaceX компанийн үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буйг нуух, эсвэл өргөжүүлэх алхам гэж хардаж байна.
Өмнөх жил Техасын Байгаль Орчныг Хамгаалах Агентлаг SpaceX компани пуужингийн түлш зэрэг хортой хаягдлаа орон нутгийн голд удаа дараа цутгасан зөрчлийг тогтоож байжээ.
Өмнөд Техасын Байгаль Орчны Шударга Ёсны Сүлжээ-ний тэргүүн Бека Хиножоса санал хураалтын өмнө:
“Тэд хортой хаягдлаа нэмэгдүүлж, пуужингийн аюултай үйл ажиллагаагаа өргөжүүлж, газар хөдлөлтийг идэвхжүүлэхээс гадна зэрлэг ан амьтдын амьдрах орчныг сүйтгэнэ” гэж хэвлэлд мэдэгджээ.
Илон Маск үнэхээр галзуу санаануудтай хүн юм аа!
Иймэрхүү ирээдүйг харсан санаачлагуудыг дэмжмээр байна