12 сарын 29-нийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон эрх зүйн үндэс
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр энэ сарын 29-нд тохиож байна. УИХ 2007 оны наймдугаар сарын 16-нд арванхоёрдугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон тогтоосон бөгөөд улмаар 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн хуулиар “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилжээ. Иймээс ирэх Даваа гаригт бүх нийтээр амарна.
1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал ба тусгаар тогтнолоо дахин зарласан түүх
Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үеийн бахархан дурсах түүхт үйл явдалд тооцогддог. Түүхчдийн үздэгээр Монголчууд XIII-XIV зуунд дэлхийн түүхийг тодорхойлж байсан хүчирхэг байр сууриа алдахдаа дотоод зөрчил, хагарал бутралаас улбаалан төрийн тулгуур нь суларч, улмаар Манж Чин улсын эрхшээлд орсон байна.
Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр эцэс болгож, монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлан тунхагласан түүхтэй. Тухайн өдөр VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээлшгүй эрхт хаанд өргөмжилж, төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөн барьсан бөгөөд таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргаж, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулжээ.
Энэ жил 114 жилийн ой тохиож байна
Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ой ирэх Даваа гаригт тохиох юм.





