-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Иргэн, ААН-ийн газар эзэмших хүсэлтийг орон нутагт шуурхай шийдэх шинэ зохицуулалт хэрэгжинэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлагдлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталлаа. Энэ жагсаалтад тулгуурлан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

35 мянга гаруй газрын асуудлыг шат дамжлагагүй шийдэх боломж нээгдэв

Мөн гэр бүлийн хамтын хэрэгцээний болон хуульд заасан бусад зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргах газар эзэмших, ашиглах хүсэлтийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухай бүр тусган, хурдан шийдвэрлэн ажиллахыг даалгасан байна. Энэхүү өөрчлөлт нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь түргэн, шуурхай шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газрын нэгдмэл сангийн ангиллын мэдээлэл, хууль тогтоомжийн дагуу тогтоосон хориглолт, хамгаалалт, хязгаарлалтын бүс, зурвас зэрэг газар олгохыг хориглосон байршлын мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийж, улсын хэмжээнд эзэмшүүлж, ашиглуулах боломжтой 102,079 мянган га газрын байршил, хэмжээ, зориулалтыг тодорхойлжээ.

Тогтоол батлагдсанаар нийслэл болон 21 аймгийн хэмжээнд 35 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж ЗГХМОНХГ-аас мэдээлэв. Цаашид нийслэл, сум, дүүрэг нь тогтоолд тусгасан байршил, зориулалт, хэмжээний хүрээнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тухай бүр тодотгол оруулснаар газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг орон нутагт нь цаг алдалгүй, шат дамжлагагүй, шуурхай шийдвэрлэх нөхцөл бүрдэх юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу