Зургаан жилийн турш нүүр тулан уулзаагүй хоёр улсын тэргүүн нар болох Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар энэ долоо хоногт Туркийн Истанбул хотноо шууд хэлэлцээ хийх магадлалтай болоод байна. Зеленский “Туркийн нийслэл Анкарад очиж, Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзах бөгөөд пүрэв гарагт Путинтэй Истанбулд уулзах бүрэн боломжтой” хэмээн мэдэгдлээ. “Бид энэ уулзалтыг хэрэгжүүлэхийн төлөө бүхнийг хийх болно” гэж тэрээр Киевт болсон хэвлэлийн хурлынхаа үеэр онцлов.
Оросын тал яг хэн Истанбул руу очих талаар албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байгаа ч “Путинг очих шаардлагатай гэж үзсэн даруйд нь мэдэгдэнэ” хэмээн хязгаарлагдмал тайлбар хийжээ. Хоёр удирдагч сүүлд 2019 оны арванхоёрдугаар сард уулзсан бөгөөд хоёр талын хамгийн сүүлчийн шууд яриа хэлэлцээ нь 2022 оны гуравдугаар сард, Оросын түрэмгийлэл эхэлсний дараахан Истанбулд болсон билээ.
Тухайн үед Ерөнхийлөгч Путин ямар нэгэн урьдчилсан нөхцөл тавилгүйгээр яриа хэлэлцээ хийхийг уриалж байсан бол энэ удаад Зеленский өөрийн биеэр Истанбулд очихоо мэдэгдэн, Путин ч мөн оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Үүнтэй зэрэгцэн АНУ ч мөн тус уулзалтад өндөр түвшний төлөөлөгчдөө оролцуулахаар төлөвлөж байгаа аж. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Оросын Ерөнхийлөгч энхийн хэлэлцээ хийхэд эерэг байр суурьтай байгаа сурагтай.
Зеленский мягмар гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр Туркт хийх айлчлалаа баталгаажуулсан нь ОХУ-д үзүүлж буй дипломат шахалтыг улам эрчимжүүлэх оролдлого болох нь тодорхой. Гэвч Кремль энэ төрлийн шахалтыг үр дүнгүй хэмээн дүгнэж, хэт их найдвар тавихгүй байхыг олон улсад анхааруулсан юм.
Украины удирдагч Истанбул дахь уулзалтад бэлтгэхийн зэрэгцээ хамгийн түрүүнд 30 хоногийн хугацаатай гал зогсоох саналыг хэлэлцэх саналтай байгаа бөгөөд түүний энэ санаачлагыг АНУ болон Украинтай нягт хамтран ажилладаг холбоотнууд бүрэн дэмжиж байгааг тэрээр онцолжээ.