Ром хотын Боргезе галерейд үзэсгэлэнгийн нээлт болов
Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойд зориулан 2026 оны нэгдүгээр сарын 19-нд Бүгд Найрамдах Итали Улсын Ром хот дахь Боргезе галерейд “Монголоос Барокко ертөнц рүү” нэртэй үзэсгэлэнгийн нээлт боллоо. Нээлтийн үеэр Элчин сайд Ц.Нарантунгалаг, “Чингис хаан Үндэсний музей”-н захирал С.Чулуун, Боргезе галерейн захирал Франческа Каппеллетти нар үг хэлж, Монголын урлаг соёлын үнэ цэнийг олон улсын үзэгчдэд хүргэх ач холбогдлыг онцлов.
“Ногоон дарь эх”, “Өндөр гэгээн Занабазар” зэрэг бүтээлүүдийг Италид толилуулна
Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлсийн жагсаалтад бүртгэлтэй “Ногоон дарь эх” хүрэл цутгамал, мөн “Өндөр гэгээн Занабазар” хүрэл цутгамал зэрэг бүтээлүүдийг багтаасан “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн Боргезе галерейд энэ оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 22 хүртэл үргэлжилж, олон нийтэд нээлттэй дэлгэгдэхээр болжээ.
Туринд “Занабазар: Тал нутгийн мэлмий” үзэсгэлэн нээгдэнэ
Ром дахь үзэсгэлэнтэй зэрэгцэн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” нэртэй тусгай үзэсгэлэнг энэ оны хоёрдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 7-ны хооронд олон нийтэд толилуулахаар товлолоо.
Хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа
Энэ өдөр “Чингис хаан Үндэсний музей” болон Италийн Соёлын өвийн хүрээлэн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурсан нь хоёр орны соёлын солилцоог бодитоор тэлэх алхам боллоо.








