Цахим орчинд “IZ” нэрээрээ танигдсан Г.Ирээдүйг Улсын Их Хурал (УИХ)-ын дарга Н.Учралын их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлого хариуцсан зөвлөхөөр томилсон байна. Мэдээлэлд хавсарсан гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашигласан гэж дурджээ.
Г.Ирээдүй 1995 онд төрсөн бөгөөд энэ сарын 20-нд 31 нас хүрэх аж. Тэрээр Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)-ийн Хэлний боловсролын сургуулийн дэргэдэх ахлах сургуулийг 2011 онд төгсөж, улмаар ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуульд мэдээллийн технологийн инженер мэргэжлээр суралцан 2015 онд төгссөн байна.
Тэрбээр 2016 оноос YouTube платформд өөрийн бичлэгүүдээ нийтэлж эхэлснээр олон нийтэд танигдсан гэж мэдээлжээ. Мөн 2024 оноос Монгол Ардын Нам (МАН)-ын дэргэдэх Социал Демократ Залуучуудын Холбоо (SDY Mongolia)-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна.
Үүний дараа тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Н.Учралын залуучуудын оролцооны бодлогын зөвлөхөөр томилогджээ. Өнгөрсөн онд Н.Учрал Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллах үед Г.Ирээдүй эдийн засгийн бодлогын стратеги хариуцсан зөвлөхөөр ажилласан гэж дурдсан байна. Н.Учрал УИХ-ын даргаар томилогдсоноор Г.Ирээдүйг өнгөрөгч хоёрдугаар сараас зөвлөхөөрөө ажиллуулах болсон гэж мэдээллээ.





