ХАМАС хэлэлцээрийг зөрчсөн хэмээн Израил буруутгажээ
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэж буруутгасны дараа Израилын зэвсэгт хүчин Газын зурваст цохилт өгсөн талаар “DW” агентлаг мэдээлэв. Нетаньяхугийн ажлын албанаас цохилт өгөх тодорхой шалтгааныг дурдаагүй ч Израилын цэргийн эх сурвалжуудын хэлснээр, ХАМАС хяналттай бүсээс Израилын цэргүүд рүү халдсан нь гол шалтгаан болжээ.
Барьцааны хүмүүсийн цогцостой холбоотой маргаан
Ерөнхий сайд Нетаньяху мөн ХАМАС-ыг буруу цогцосны үлдэгдэл хүлээлгэн өгсөн гэж буруутгасан байна. Израилын тал энэ цогцос нь хоёр жилийн өмнө амиа алдсан Офир Царфатигийнх болохыг мэдэгдэж, АНУ-ын зуучлалаар байгуулсан хэлэлцээрийг “илт зөрчсөн үйлдэл” гэж тодорхойлов.
Харин ХАМАС бүлэглэл барьцаанд байсан өөр нэг хүний цогцсыг олсон тухай мэдээлсэн ч Израил цохилт өгөх шийдвэр гаргасны дараа цогцсыг шилжүүлэхээ хойшлуулсан байна.
АНУ гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж байгааг мэдэгджээ
Израил болон ХАМАС талууд бие биенээ хэлэлцээр зөрчсөн гэж буруутгаж байгаа ч АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Д. Вэнс “Гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр хэвээр байна. Энэ нь мөргөлдөөн бүрэн дууссан гэсэн үг биш” хэмээн мэдэгджээ.
Тэрбээр “Хэрвээ ХАМАС эсвэл Газын зурвас дахь этгээд Израилын цэргүүд рүү халдвал Израилын тал хариу арга хэмжээ авах нь ойлгомжтой. Гэхдээ ерөнхийлөгчийн тогтоосон энх тайвны хэлэлцээр үргэлжилнэ гэж би итгэж байна” хэмээн нэмж хэлэв.
Хоёр жил үргэлжилсэн дайныг зогсоосон хэлэлцээр дахин эрсдэлд
АНУ-ын зуучлалаар байгуулагдсан гал зогсоох хэлэлцээр 2025 оны аравдугаар сарын 10-нд хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ нь 2023 оны аравдугаар сарын 7-нд ХАМАС-ын хийсэн халдлагаас үүдэлтэй хоёр жил үргэлжилсэн дайныг зогсоосон билээ. Гэвч сүүлийн цохилтоос шалтгаалан уг хэлэлцээрийн ирээдүй дахин эргэлзээнд орлоо.





