Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху өнгөрсөн Лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ Хамас бүлэглэлийн удирдагчдын нэг Мохаммад Синвар амиа алдсан талаар мэдээлжээ. Тэрбээр 2023 оны аравдугаар сарын халдлагын гол зохион байгуулагч байсан Яхья Синварын төрсөн дүү бөгөөд ахынхаа үхлийн дараа Хамасын удирдлагын дээд түвшинд дэвшсэн юм.
Израилийн зэвсэгт хүчин Газын өмнөд хэсэгт байрлах нэгэн эмнэлгийг онилсон үеэр Мохаммад Синвар нас барсан хэмээн үзэж буй бөгөөд түүнийг тавдугаар сарын 21-нд амь үрэгдсэн гэж таамаглаж байна. Хамас бүлэглэл түүний үхлийг албан ёсоор батлаагүй байгаа ч Израилийн талаас түүнийг амиа алдсан хэмээн олон нийтэд мэдээлжээ.
Ерөнхий сайд Нетаньяху Израилийн парламентад хэлсэн үгэндээ өнгөрсөн 20 сарын хугацаанд устгасан Хамасын өндөр албан тушаалтнуудын нэрсийг танилцуулах үеэр энэ мэдээг дурдсан байна. Тэрбээр “Сүүлийн хоёр өдөр бид Хамасын эсрэг бүрэн ялах ойртож байна. Бид хүнсний хуваарилалтыг хяналтдаа авч эхэлсэн. Цаашид Хамасын удирдлагыг устгах, тэдний цэргийн чадавхийг сулруулах, Газын нутаг дэвсгэрт барьцаалагдсан хүмүүсийг чөлөөлөх чиглэлд хүч тавина” хэмээн онцолжээ.