Өнөөдөр өглөө Улаанбаатарын цагаар Израилийн зэвсэгт хүчин Ираны нутаг дэвсгэрт цэргийн болон цөмийн байгууламжуудыг чиглэсэн агаарын цохилтыг эхлүүлжээ. Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху уг ажиллагааг “шаардлагатай бол ямар ч хугацаагаар үргэлжлэх боломжтой” хэмээн мэдэгдсэн нь нөхцөл байдлыг цаашид хэрхэн өрнөхийг тодорхойгүй болгож байна.
Израилийн хэвлэлүүдийн мэдээлснээр “Nation of Lions” буюу “Араатнуудын үндэстэн” нэртэй энэ цэргийн ажиллагаанд олон арван байлдааны нисэх онгоц оролцож, цохилтууд нь Ираны цэргийн чадавхи болон цөмийн дэд бүтцийг сулруулах зорилготой ажээ.
Орон нутгийн цагаар шөнийн 03:00 цагийн үед Тегеран хотод хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрэлт болсон тухай оршин суугчид мэдээлсэн бөгөөд Ираны төв телевиз эвдэрсэн орон сууцны барилгуудыг дүрсэлсэн мэдээ цацаж эхэлсэн байна. Улмаар Израилийн зэвсэгт хүчин дотооддоо онц ач холбогдолгүй олон нийтийн арга хэмжээг түр зогсоох шийдвэр гаргажээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэ ажиллагаанд Америк улс ямар ч оролцоогүй болохыг бататган мэдэгдэж, Ираныг АНУ-ын бүс нутгийн баазууд руу халдахгүй байхыг анхааруулсан. “Бид Ираны эсрэг явуулж буй ажиллагаанд оролцоогүй. Манай зорилго бол бүс нутгийн баазуудаа хамгаалах. Израилийн тал энэ үйлдлээ өөрийгөө хамгаалахад зайлшгүй гэж бидэнд тайлбарласан” гэж тэр хэлжээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Америкийн ашиг сонирхол, иргэдийн аюулгүй байдалд заналхийлэх аливаа алхмыг Иранаас сэргийлэхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна гэдгээ илэрхийлж байна. Төрийн нарийн бичгийн дарга Рубио “АНУ-ын хүмүүст Иран халдах ёсгүй” хэмээн анхаарууллаа.
Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху энэхүү ажиллагаа Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох, баллистик пуужингийн хөгжил болон цэргийн хүчин чадлыг нь бууруулах зорилготой хэмээн онцлон тэмдэглэсэн байна. “Энэ ажиллагаа биднийг зорилгоо биелүүлэх хүртэл, шаардлагатай бол ямар ч хугацаагаар хамаагүй үргэлжилнэ” гэж тэр мэдэгдэв.
Нөгөө талаас, АНУ-ын зарим Бүгд Найрамдах намын улс төрчид Израилийн энэхүү ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал Сенатын гишүүн Линдси Грэм өөрийн сошиал хуудсандаа “Тоглоом эхэллээ. Израилийн төлөө залбираарай” хэмээн бичсэн нь АНУ-ын дотоод улс төр дэх хуваагдлыг ч илтгэж байна.
Иран, АНУ-ын хоорондын цөмийн хэлэлцээ сүүлийн өдрүүдэд үр дүнд хүрэлгүй мухардалд орсон талаар өмнө нь мэдээлэгдэж байсан нь энэ хурцадмал байдлын нэг үндэс болсон гэж ажиглагчид дүгнэж байна.