АНУ-ын “Blue Origin” компанийн “New Shepard” хөлгөөр зөвхөн эмэгтэйчүүдээс бүрдсэн баг өнөөдөр (2025.04.14) сансарт хөөрөх гэж байна. Техас мужийн Ван Орн дахь сансрын баазаас орон нутгийн цагаар 09:30, Монголын цагаар 21:30-д хөөрөх энэ нислэгийг дэлхий дахин анхааран хүлээж байна.
Нислэгийн багт:
- Алдарт поп дуучин Кэти Перри
- Amazon компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын сүйт бүсгүй Лорен Санчес
- “CBS”-ийн алдарт хөтлөгч Гэйл Кинг
- НАСА-гийн пуужингийн инженер асан Айша Боу
- Хүний эрхийн тэмцэгч Аманда Нгуен
- Кино продюсер Керианна Флинн
нар багтжээ.
10 минутын сансрын аялал
Тэд дууны хурднаас гурав дахин хурдтайгаар хөөрч, дэлхийн агаар мандал ба сансар огторгуйн хилийн зааг болох Карманы шугамыг (далайн түвшнээс дээш 100 км өндөрт) даван нисэх юм. Ингэснээр зорчигчид хэдэн минутын турш жингүйдлийг мэдрээд, буцаад Техасын элсэн цөлд шүхрээр газардахаар төлөвлөжээ.
Түүхэн нислэг
“Blue Origin”-ийн хувьд энэ нь хүнтэй нислэгийнхээ 11 дэх удаагийн үйл ажиллагаа бөгөөд энэ удаа бүхэлдээ эмэгтэй баг бүрэлдэхүүнтэйгээр сансарт нисэж байгаагаараа онцлог. Сансарт ниссэн анхны америк хүн Алан Шепардын нэрэмжит “New Shepard” пуужин нь автоматаар удирдагдах, буцаж газардахад зориулсан технологитойгоороо танигдсан билээ.
Энэ удаагийн хөөрөлт нь сансарт зөвхөн эмэгтэйчүүд ниссэн хоёр дахь тохиолдол бөгөөд анхны тохиолдол нь 1963 онд ЗХУ-ын нисэгч Валентина Терешкова сансарт хөөрсөн явдал байлаа.