Алдарт реалити шоуны од Ким Кардашян Францын нийслэл Парис хотод үргэлжилж буй шүүх хуралд 2016 онд гарсан дуулиант дээрмийн хэргийн гэрч, хохирогчийн хувиар оролцож, мэдүүлэг өгсөн нь олон нийтийн анхаарлыг дахин татаад байна. Уг хэрэгт Кардашяны үнэт эдлэл, нийт 10 сая доллар орчмыг дээрэмдсэн болохыг Францын хууль сахиулах байгууллагууд баталжээ.
Энэхүү хэргийг шүүн хэлэлцэх ажиллагаанд нийт 10 сэжигтэн оролцож байгаа бөгөөд Францын хэвлэлүүд тэднийг бүгд 60-аас дээш настай гэдгийг онцолж, “өвгөдийн дээрэм” хэмээн нэрлэсэн байна. Тэдгээр сэжигтнүүдийн нэг нь шүүх хурал эхлэхээс өмнө нас барсан бол өөр нэг нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй болсон байна.
Олон улсын хэвлэл мэдээллийнхний сонирхлыг татсан энэхүү шүүх хуралд 500 гаруй сэтгүүлч Парисын шүүхийн орчимд цугларч, Кардашяны мэдүүлгийг хүлээн сурвалжилсан бол олон зуун фэнүүд нь түүнтэй нүүр тулан уулзахаар ирсэн байжээ.
Шүүхийн ажиллагаа эхлэх үеэр Кардашян “Би бүх хүмүүст, ялангуяа Францын эрх баригчдад өнөөдөр надад мэдүүлэг өгч, үнэнээ хэлэх боломж олгосонд баярласнаа илэрхийлмээр байна” гэж хэлсэн байна.
Кардашяны тайлбараас үзэхэд тэрээр 2016 оны 10-р сарын 2-ны үдэш Парисын загварын долоо хоногийн үеэр зочид буудалдаа найзын хамтаар амарч байхдаа дээрэмдүүлсэн байна. Түүний ээж, эгч нар тухайн үед гадуур явж байсан бол Кардашян өрөөндөө үлдсэн байжээ.
Цагдаагийн дүрэмт хувцастайгаар зэвсэглэсэн дээрэмчид өрөөнд нь нэвтэрч, үнэт эдлэл шаардан, Кардашяныг буугаар сүрдүүлж, улмаар түүнийг хүлж, 4 сая долларын үнэ бүхий алмаазан бөгж зэрэг үнэт эдлэлүүдийг дээрэмдсэн байна. Тухайн үед Кардашян өөрийгөө амь насаа алдах нь гэж бодож, гэр бүлийнхээ төлөө залбирч эхэлсэн тухайгаа нулимстайгаар дурсжээ.
Шүүхийн үеэр түүнээс амиа алдана гэж үнэхээр бодсон уу гэж лавлахад тэрээр “Би үнэхээр тэгж бодсон. Үхэх нь гэж итгэсэн” хэмээн шулуухан хариулсан юм. Мөн дээрэмчид түүн рүү хүч хэрэглэж болзошгүй гэж эмээж байсан ч тэдний нэг нь хөлийг нь хүлснээр хүч хэрэглэхгүй нь тодорхой болсон гэж ойлгосноо хэлжээ.
Хэрэгт холбогдогчдын нэг болох 68 настай Аомар Аит Хедаче буюу “Хөгшин Омар” хочтой эр Кардашяныг хүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч дээрмийн ажиллагааг удирдаагүй гэж мэдүүлсэн байна. Тэр ярих чадвараа алдсан тул өмгөөлөгчөөрөө дамжуулан Кардашянаас уучлал хүсэн захиа илгээжээ. Кардашян захиаг унших үедээ сэтгэл нь ихэд хөдөлж, нулимс унагасан бөгөөд түүнд уучлал үзүүлж байгаагаа илэрхийлсэн байна.
“Би хоёр дахь боломжид үргэлж итгэдэг. Болсон явдлын төлөө чамайг уучилж байна. Гэхдээ энэ нь надад үзүүлсэн сэтгэлзүйн нөлөөг арилгахгүй” хэмээн Кардашян онцлон хэлжээ.
Тэрээр энэхүү дээрмийн хэрэг нь түүний аюулгүй байдлын талаарх ойлголтыг үндсээр нь өөрчилсөн гэж мэдүүлсэн бөгөөд одоо зургаан бие хамгаалагчийн хамт амьдардаг болсон байна. Түүнчлэн дээрэм гарснаас хойш нэг сарын дараа Лос-Анжелес дахь түүний байранд төстэй халдлага дахин гарч байсныг ч шүүхэд дурдсан байна.
2000-аад оны үед реалити шоугаар олны танил болсон Ким Кардашян өнөөдөр загварын брэндүүдийг удирдаж, кино урлаг болон бизнесийн салбарт амжилттай ажиллаж байна. Forbes сэтгүүл түүний нийт хөрөнгийг 1.7 тэрбум доллар хэмээн тооцоолжээ.
Уг дээрмийн хэргийн шүүх ажиллагаа 5-р сарын 23-ныг хүртэл үргэлжлэх ажээ.
Тааламжгүй нөхцөл байдал, одод хүртэл ийм тохиолдлоос ангид байдаггүй
Энэ хэрэг шүүхэд хүрсэн нь сайн хэрэг – буруутай этгээдийг шийтгэх ёстой