Ес дэх өдрийн дараах байдлаар тэргүүлэгчид тодорлоо
Мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын башёгийн ес дэх өдрийн барилдаан өндөрлөж, оноолт илүү тодорхой болж эхэллээ. Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн маэгаширагийн зүүний дөрөвт эрэмбэлэгдсэн Дайешог давснаар качикоши буюу найман даваанд хүрч, тэмцээнийг тэргүүлж буй гурван бөхийн нэг болов.
Нэгдүгээр сарын башёд 11 даваа авсан Киришимагийн хувьд энэ удаад 10-аас дээш ялалт авах зорилго тавьсан. Хэрэв секивакэ цолтой бөх гурван тэмцээнд нийлбэр 33-аас дээш даваа авбал озеки цол хүртэх болзлыг хангах боломжтой бөгөөд Киришима энэ шаардлагад улам ойртож байна. Гэхдээ өмнөх тэмцээнд тэр маэгаширагийн байрлалд барилдсан учраас албан ёсоор гурван башёгийн шаардлага хангагдах эсэх нь анхаарал татаж байна.
Бусад тэргүүлэгчид болон өрсөлдөөн
Киришимагаас гадна:
- Маэгашира зүүний 10-т бичигдэж буй Гонояама
- Барууны 5-д эрэмбэлэгдсэн Котошохо
нар мөн найман даваатайгаар тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.
Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн өчигдөр Дайешод ялагдсан ч өнөөдөр Таканошог давснаар 7:2 амжилттай болж, хоёрхон унаатайгаар тэргүүлэгчдийг нэхэж явна.
Харин озеки Аонишики сүүлийн гурван өдөр дараалан унаснаар ёкозүна цол горилох боломжоо алдаж, одоо кадобан байдалд орохоос сэргийлэхийн тулд 50 хувийн амжилт үзүүлэх зорилготой болжээ. Тэр өнөөдөр Такаясүг ялснаар 4:5 амжилттай болсон байна.
Монгол бөхчүүдийн амжилт
Дээд зиндаа:
- Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн — 7:2
- Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн — 8:1
- Б-6 Онокацү Б.Чойжилсүрэн — 1:6-2
- З-7 Ошома П.Дэлгэрбаяр — 4:5
- Б-9 Тамаваши Б.Мөнх-Оргил — 2:7
- З-14 Чиёошёома Г.Мөнхсайхан — 5:4
- З-16 Асахакүрюү Р.Жамъяантогтох — 6:3
Жюүрёо зиндаа:
- Б-7 Кёкүкайюү Ш.Далайбаатар — 6:3
- З-9 Тамашёохо Э.Энхманлай — 2:7
- З-10 Дэванорюү Т.Тэмүүлэн — 7:2
- Б-11 Тошинофүжи Ө.Дэмиджамц — 6:3





