Домогт сагсан бөмбөгч Коби Брайантын 1997 онд NBA-д гарааны бүрэлдэхүүнд анх удаа тоглохдоо өмсөж байсан пүүз саяхан SCP Auctions-ын дуудлага худалдаагаар 240,000 ам.долларын үнэд хүрчээ. Тус ховор эдлэлийг сагсан бөмбөгийн түүхэн дурсгал хэмээн олон цуглуулагчид онцолж байна.
Брайант 1997 оны нэгдүгээр сарын 28-нд “Лос-Анжелес Лейкерс”-ийн гарааны тавд анх удаа багтаж, “Даллас Маверикс” багийн эсрэг тоглосон юм. Уг тоглолтод түүний баг 102:83 харьцаагаар ялалт байгуулж, Коби 12 оноо авч, 3 самбарын бөмбөг, 2 оновчтой дамжуулалт хийжээ.
Коби Брайантын NBA дахь замнал 1996 онд “Шарлотт Хорнетс” багт 13 дугаараар драфтаар сонгогдсоноор эхэлсэн боловч тэр даруй “Лейкерс” багт шилжиж, бүх замналаа тус багт өнгөрүүлсэн. Тэрээр:
- NBA-гийн таван удаагийн аварга (2000, 2001, 2002, 2009, 2010)
- Финалын хамгийн үнэ цэнэтэй тоглогч (2009, 2010)
- NBA-ийн улирлын MVP (2008)
- АНУ-ын шигшээ багийн Олимпын хоёр удаагийн аварга (2008, 2012)
- NBA-ийн Бүх оддын тоглолтод 18 удаа шалгарсан
гэсэн бахархам амжилтуудаар түүхэнд нэрээ мөнхөлсөн.
Харамсалтай нь, тэрээр 2020 оны нэгдүгээр сарын 26-нд охин Жианнагийн хамт Лос-Анжелесийн ойролцоо гарсан нисдэг тэрэгний ослын улмаас амь насаа алдсан билээ.