2025 оны зургаадугаар сарын 20-нд Netflix платформоор цацагдсан “KPop Demon Hunters” нэртэй хүүхэлдэйн кино үзэгчдийн зүгээс маш өндөр үнэлгээ авч, олон улсын хэмжээнд рекорд тогтоогоод байна. Энэхүү бүтээл нь анх гарснаасаа хойш дэлхийн олон оронд тренд жагсаалтыг тэргүүлж, киноны дуу нь Billboard Hot 100-ийн нэгдүгээр байранд бичигдэн, Spotify платформ дээр ч өндөр амжилт үзүүлж буй юм.
Энэхүү онцгой амжилтын дараа Netflix компани “KPop Demon Hunters”-ийг зөвхөн хүүхэлдэйн кино биш, бүрэн хэмжээний уран сайхны кино хэлбэрээр дахин бүтээхээр шийдвэр гаргажээ. Түүнчлэн тус төслийг өргөжүүлэн, мюзикл болон олон ангит цуврал болгон хөгжүүлэх санал яригдаж байгаа аж.
“KPop Demon Hunters” нь K-pop урлаг, уран зөгнөлт адал явдал, солонгос соёлыг хослуулсан өвөрмөц агуулгаараа үзэгчдийг татсан бөгөөд энэхүү амжилтаа дэлгэцийн олон төрлөөр үргэлжлүүлэхээр төлөвлөж буй нь Netflix-ийн томоохон стратегийн нэг хэсэг болоод байна.