Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн оролцоотой бүтээгдсэн “KPop Demon Hunters” хүүхэлдэйн кино стримингийн салбарт түүхэн амжилт тогтоолоо. “Netflix”-ийн мэдээлснээр уг бүтээл гарснаасаа хойш 236 сая үзэлт авч, өмнө нь 230.9 сая үзэгчтэйгээр дээд амжилтыг эзэмшиж байсан “Red Notice” киног ардаа орхисон байна.
Зургаадугаар сарын 20-нд олон нийтэд хүрсэн энэ кино богино хугацаанд үзэгчдийг байлдан дагуулж, “Netflix”-ийн бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй бүтээлээр тодорчээ.
“Sony Pictures Animation” студийн бүтээл болсон уг хүүхэлдэйн кино нь зөвхөн хөгжмийн тайзнаа амжилттай явахаас гадна дэлхийг чөтгөрийн сүнснүүдээс хамгаалдаг “Huntr/x” нэртэй охидын хамтлагийн тухай өгүүлдэг онцгой өгүүлэмжтэй.
Тус киноны дуу ч мөн түүхэн амжилтад хүрсэн бөгөөд “Golden”, “Your Idol”, “Soda Pop”, “How It’s Done” зэрэг дөрвөн бүтээл зэрэгцэн “Billboard Hot 100”-ийн эхний 10-т багтсан анхны тохиолдол болжээ.
Үзэгчдийн асар их сонирхлыг татсаны улмаас “KPop Demon Hunters”-ийг кино театруудад хязгаарлагдмал хугацаанд гаргасан байна. АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд болон Их Британийн зах зээлд гарсан кино театрын хувилбар өнгөрсөн амралтын өдрүүдэд ойролцоогоор 18 сая ам.долларын орлого олж, Америкийн “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлжээ гэж “Box Office Mojo” мэдээлсэн байна.
Netflix дээр ийм их үзэлт авсан гэхээр үзэхгүй бол болохгүй нь дээ
Kpop, адал явдал хоёр хослохоор үнэхээр сонирхолтой болжээ