Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён-ий өдөр тутмын хэрэглээ хүртэл цахим орчинд анхаарлын төвд орж, трэнд үүсгэх хэмжээнд хүрчээ. Тэрбээр Лхагва гарагт Ёнсан дүүрэгт орших Ерөнхийлөгчийн ордны гадаа автомашинаас буух үедээ утасгүй чихэвчээ авч, хайрцагт нь хийж буй дүрс олон нийтийн анхаарлыг татсан байна.
Ерөнхийлөгчийн чихэвч трэнд үүсгэв
Өмнөд Солонгосын улс төрчид дипломат арга хэмжээний үеэр орчуулгын зориулалтаар л чихэвч зүүдэг. Харин өдөр тутмын амьдралдаа чихэвч зүүж явах нь барагтаа л тохиолдохгүй үзэгдэл. Иймээс Ли Жэ Мёны хэрэглэсэн утасгүй чихэвч олон нийтийн сонирхлыг татаж, “дараагийн трэнд” болж мэдэх талаар таамаг дэвшүүлж байна.
“Lee goods” гэж юу вэ?
Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Ли Жэ Мён өмсөж байсан пүүз цахим сүлжээнд “од” болж, худалдаалагддаг дэлгүүрүүдийн барааны нөөц дууссан тохиолдол гарч байжээ. Үүнээс улбаалан түүний хэрэглэдэг бүхнийг “Lee goods” буюу “Лигийн хэрэглээ” гэх нэр томьёогоор нэрлэх болсон байна. Түүний чихэвч ч мөн “шинэ Lee goods” хэмээн нэрлэгдэх төлөвтэй.
Ямар чихэвч вэ?
Технологийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Ерөнхийлөгч Ли Жэ Мёны хэрэглэсэн чихэвч нь Apple компанийн 2022 оны есдүгээр сард танилцуулсан AirPods Pro 2 загвар байх магадлалтай. Энэхүү чихэвч:
- Орчны дуу чимээг өндөр түвшинд дарах чадвартай
- АНУ-ын Хүнс, эмийн бүтээгдэхүүний захиргаанаас сонсголын аппарат байдлаар хэрэглэхийг зөвшөөрсөн
Ли Жэ Мён өөрийгөө Apple брэндийн үнэнч хэрэглэгч гэдгээ өмнө нь удаа дараа илэрхийлж байсан. Тэрбээр 2016 онд Соннам хотын даргаар ажиллаж байхдаа анх iPhone ашиглаж эхэлсэн бөгөөд Apple-ийн бүтээгдэхүүнийг “тагнуулын эсрэг аюулгүй” гэж үздэг гэдгээ ч дурдсан удаатай.
Ерөнхийлөгч ба технологи
Ли Жэ Мён нь технологийн орчинд идэвхтэй оролцдог цөөн улстөрчдийн нэг. Тэрбээр “YouTube-ийн Gold Creator” батламжтай Өмнөд Солонгосын анхны улстөрч бөгөөд цахим платформуудыг өдөр тутмын харилцаандаа өргөнөөр ашигладаг гэдгээрээ онцлогтой. Иймээс ч түүний хэрэглэдэг төхөөрөмж, брэндүүд дэмжигчдийнх нь дунд хурдан трэнд болох хандлагатай байна.