2025 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-21-нд Хорватын Загреб хотод зохион байгуулагдах гэж байна. Монгол Улсын үндэсний шигшээ баг эрэгтэй, эмэгтэй бүрэн бүрэлдэхүүнээрээ энэхүү том тэмцээнд оролцож байгаа бөгөөд өчигдөр (9-р сарын 7-нд) эрэгтэй баг Загребыг зорьжээ.
Эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат тамирчин, үндэсний бөхийн Улсын заан М.Лхагвагэрэл, Улсын харцага Г.Ганхуяг, гавьяат тамирчин Т.Тулга тэргүүтэй шилдэг бөхчүүд багтжээ. Тэд дэлхийд хүчээ сорьж, Монголын чөлөөт бөхийн спортын нэр хүндийг өндөрт өргөн оролцохоор Хорват улсыг зорьсон байна.