“Очирдагинас” компани “Хүрээлэн” төсөл болон Говийн Их Дархан Цаазат Газрын “А” хэсгийн захиргаатай хамтран мазаалайд зориулсан өндөр уураг, кальцийн агууламжтай махан тэжээл боловсруулан, Алтайн өвөр говийн шанд, баянбүрдүүдэд хүргэлээ.
Мазаалай буюу говийн баавгай нь биологийн хувьд холимог идэштэн боловч говийн эрс тэс уур амьсгалтай, хатуу ширүүн орчинд ан гөрөө хийх боломж хомс тул ихэнхдээ ургамлаар хооллож, бараг “ногоон” идэштний дэглэмтэй болсон гэж үздэг.
Харин хаврын улиралд, ичээнээсээ дөнгөж гарсан энэ үед мазаалайн идэх дуртай бажууна, хөмөл зэрэг ургамал хараахан ургаагүй байдгийн улмаас тэжээлийн дутагдалд ордог. Үүнтэй уялдуулан “Очирдагинас” компани санаачлага гарган уураг, кальцаар баяжуулсан махан тэжээл боловсруулж, ГИДЦГ-ын “А” хэсгийн хамгаалалтын захиргаатай хамтран говийн ус шанд, баянбүрд бүхий газруудад тусгай тэжээл түгээж байршуулжээ.
Тус ажлыг байгаль хамгаалагчид, нутгийн албаныхан газар дээр нь хянаж, мазаалайд хоргүй, шим тэжээлтэй орчин бүрдүүлэх зорилготойгоор хэрэгжүүлж буй юм.

