Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум хар тамхины картелуудтай тэмцэх асуудлаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьж, “маш сайхан яриа” өрнүүлснээ өчигдөр мэдэгдлээ. Тэрбээр хоёр тал 15 минутын ярианы үеэр уг тэмцэлд АНУ-ын цэргийг Мексикт хөндлөнгөөс оруулах шаардлагагүй гэдэг дээр санал нэгдсэн гэж тайлбарлав.
Трампын “цэрэг оруулах” санааг Мексик дахин няцаав
Өнгөрсөн Баасан гарагт Шэйнбаум Мексикт үйл ажиллагаа явуулдаг хар тамхины гэмт хэргийн бүлэглэлүүдтэй тэмцэхдээ Трампын засаг захиргаатай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Үүнээс өмнө Трамп өөрийн цэргийг Мексикт оруулахад бэлэн гэдгээ мэдэгдэж, картелууд “Мексик улсыг удирдаж байна” гэж шүүмжилсэн юм.
Трамп өмнө нь ч АНУ-ын цэргийг Мексикт оруулах тухай саналыг удаа дараа гаргаж, Шэйнбаум түүнийг тогтмол няцааж ирсэн. Харин Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог өргөөнөөс нь баривчилсан ажиллагааны дараа Мексик, Куба, Гринландын талаар Трампын мэдэгдлүүд улам хурцадсан гэж мэдээлэлд дурджээ.
“Тэр (Трамп) Венесуэлд явуулсан ажиллагааныхаа талаар миний сэтгэгдлийг сонссон. Би манай үндсэн хуульд гаднын оролцоог хориглох талаар маш тодорхой заасан байдгийг түүнд тайлбарлалаа” гэж Шэйнбаум хэлжээ.
Гэсэн ч Трамп цэргийн тусламж үзүүлэх боломжийн талаар байр сууриа илэрхийлсээр байсан аж. Үүнд Шэйнбаум “Би түүнд одоогоор бүх зүйл маш сайн байгаа тул ингэх шаардлагагүйг хэлсэн. Бас Мексик улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын ач холбогдлыг тайлбарлахад тэр ойлгосон” гэж ярьсан байна.
Трамп: “Картелууд Мексик улсыг удирдаж байна”
Пүрэв гарагт Fox News сувгаар ярилцахдаа Трамп “Бид усан замаар манайд ирдэг хар тамхи тээвэрлэлтийн 97 хувийг устгасан. Харин одоо хуурай газраар тээвэрлэдэг картелуудад санаа тавих болно. Картелууд Мексик улсыг удирдаж байна. Үүнийг харахад маш харамсалтай” гэж хэлжээ.
Мөн Ням гарагт Мексикийн гадаад хэргийн сайд Хуан Рамон де ла Фуэнте АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярьсан байна. Энэ үеэр Рубио картелуудын эсрэг ажиллагаанд “мэдэгдэхүйц үр дүн” гаргахыг хүссэн гэж мэдээлжээ.
“Цэрэг оруулах магадлал бага” гэх үнэлгээ ба Кубын асуудал
АНУ-ын худалдааны томоохон түнш гэдэг утгаараа Трампын засаг захиргаа Мексикт цэргээ оруулах магадлал харьцангуй бага гэж ажиглагчид үзэж байна. Гэвч ийм байр суурийг Вашингтон дарамт шахалтын хэрэгсэл болгон ашиглаж, Мексикийн эрх баригчдад шахалт үзүүлсээр байх боломжтойг мөн онцолжээ.
Шэйнбаум Трамптай ярилцахдаа Кубын асуудлыг хөндөөгүй гэж мэдээлсэн байна. Мексик нь Кубын эдийн засгийн гол түншүүдийн нэг бөгөөд ялангуяа Венесуэлийн газрын тосны нийлүүлэлт тасалдах нөхцөлд Мексикийн газрын тос Кубад илүү чухал болсон талаар эх сурвалж дурджээ.





