Meta компанийн хиймэл оюун ухааны хэрэгсэл болох Meta AI-ийн зарим хэрэглэгчдийн хайлт, асуултууд олон нийтэд ил харагдах хэлбэрээр нийтлэгдэж буйг хүмүүс тэр бүр мэддэггүй байж болзошгүй байна.
BBC-ийн олж тогтоосноор, Meta AI-ийн “Discover” нэртэй нийтийн тэжээлд (feed) хэрэглэгчдийн бичсэн асуулт, хиймэл оюуны өгсөн хариултууд нийтлэгддэг бөгөөд зарим тохиолдолд хэрэглэгчийн нэр, профайл зураг зэрэг танигдахаар мэдээллүүд хамт харагддаг байна. Энэ нь тухайн хүний хувийн, эсвэл эмзэг хайлтын мэдээллийг олон нийтэд мэдэгдүүлэх эрсдэлийг дагуулж байгаа юм.
Жишээ нь, зарим хэрэглэгчид Meta AI-аас шалгалтын асуултын хариуг асууж буй зургууд, эсвэл цөөн хувцастай дүр төрхтэй зураг гаргуулах хүсэлт илгээж байсан нь ил харагдаж байсан гэж мэдээлжээ. Зарим тохиолдолд хэрэглэгчийн Instagram хаягтай шууд холбогдохуйц username, зураг хүртэл нийтлэгджээ.
Meta компанийн зүгээс энэ талаар одоогоор тайлбар хийгээгүй ч, хэрэглэгч “постлох”-оор шийдсэн тохиолдолд анхааруулга гарч ирдэг байна:
“Prompts you post are public and visible to everyone… Avoid sharing personal or sensitive information.”
Гэвч кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, энэ нь хангалттай ойлгомжтой анхааруулга биш юм. Social Proof Security компанийн гүйцэтгэх захирал Рэйчел Тобак хэлэхдээ:
“Хэрэглэгчдийн хүлээлт болон үнэн бодит ажиллагаа хоорондоо зөрж байвал энэ нь томоохон UX (хэрэглэгчийн туршлага) болон аюулгүй байдлын асуудал болдог” хэмээн X (хуучнаар Twitter)-т бичжээ.
Тэрээр цааш нь, “Хүмүүс AI chatbot-тай хийсэн харилцаагаа олон нийтэд шууд хуваалцагдана гэж огтхон ч төсөөлдөггүй. Гэтэл энэ систем тэдний нэр, дүрстэй нь хамт нийтлэх эрсдэлтэй” гэж анхааруулсан байна.
Meta AI-г хэрэглэгчид Facebook, Instagram, WhatsApp платформуудаар дамжуулан ашиглах боломжтой бөгөөд мөн тусгай “Discover” хуудастай тусдаа бүтээгдэхүүн хэлбэрээр ч ажиллаж байна. Хэрэглэгчид хувийн тохиргоонд орж нийтлэлүүдээ олон нийтэд харагдахгүй болгох боломжтой ч, уг тохиргоо автоматаар идэвхждэггүй тул хүмүүс санамсаргүйгээр өөрийн мэдээллийг олон нийтэд дэлгэж байна.