Италийн Милан, Кортина хотуудад болж буй өвлийн XXV олимпын наадамд Монголын багийн тамирчдын тэмцээн уралдаан албан ёсоор өндөрлөлөө. Манай улсаас энэ удаагийн өвлийн наадамд гүйлтийн цанын төрөлд хоёр, уулын цанын төрөлд нэг тамирчин оролцож, олимпын түүхэнд шинэ хуудсыг нээлээ.
Монголын төлөөллөөс олон улсын хэмжээний мастер А.Ариунбат уулын цанын слаломын буюу туг сүлжих төрлөөр гараагаа эхлүүлж, “Milan Cortina 2026” наадам дахь монгол тамирчдын оролцоог хаасан байна. Тэр Италийн Бормио хот дахь уулын цанын “Stelvio Ski centre” баазын зам дээр хурд хүч, эр зориг, авхаалж самбаагаа сорьж, Монголын тамирчны хувиар өвлийн олимпод уулын цанын төрөлд анх удаа өрсөлдсөн нь түүхэн үйл явдал боллоо.
Энэхүү слаломын төрөлд нийт 96 цаначин гараанаас гарсан бөгөөд анхны буултын үеэр хоёр тамирчин торгуулийн улмаас хасагдаж, 50 тамирчин барианд хүрч чадалгүй тэмцээнээ дуусгасан байна. Харин А.Ариунбат эхний буултаа 1 минут 16.86 секундын амжилтаар гүйцэтгэж, 43-т бичигджээ. Хоёр дахь буултад эхний шатнаас шалгарсан 44 цаначин дахин гараанд гарч, тэдний 39 нь барианд орсон бөгөөд А.Ариунбат энэ удаа 1 минут 13.16 секундын үзүүлэлт гаргасан байна. Ингэснээр хоёр буултын нийлбэр дүн 2 минут 30.02 секунд болж, нийт дүнгээрээ 38 дугаар байрт орж тэмцээнээ өндөрлөжээ. АНУ, Итали, Австри, Франц, Швед зэрэг уулын цанын спорт өндөр түвшинд хөгжсөн орнуудаас ч барианд хүрч чадаагүй тамирчид олон байсан нь энэ төрлийн замын хүндрэл, өрсөлдөөний түвшинг илтгэж байна.
Ийнхүү гүйлтийн болон уулын цанын төрлүүдэд өрсөлдсөн Монголын багийн тэмцээн уралдаан “Милан Кортина 2026” өвлийн олимпын хүрээнд албан ёсоор өндөрлөсөн бөгөөд тамирчид энэ сарын 22-нд Кортина хотод болох өвлийн XXV олимпын хаалтын ёслолд оролцсоныхоо дараа эх орондоо буцан ирэх юм.






