18.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Монгол адууг аврах төлөвлөгөө: УИХ-аас генетикийн хамгаалалтад чиглэсэн шинэ тогтоол өргөн барив

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2025 оны 13 дугаар тогтоолын дагуу Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, үндэсний адууны үүлдэр, омгийн удмын санг хамгаалах асуудлыг судлан шийдэл гаргах зорилготой ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Ганхүлэг ахалж ажилласан бөгөөд адууны генетик нөөцийн хамгаалалттай холбоотой тогтоолын төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьжээ.

Төсөл нь 2017 онд батлагдсан Малын генетик нөөцийн тухай хуулийг бодит ажил хэрэг болгох, гурван жил тутамд малын ашиг шим, гений төлөв байдлыг тогтоох шаардлагыг биелүүлэхэд чиглэж байна. Гэвч хамгийн сүүлд 2019 онд ийм үнэлгээ гаргаж, НҮБ-д илгээснээс хойш дахин шинэчилж чадаагүйг гишүүн онцлов. Үүнтэй холбогдуулан:

“Үндсэндээ 2017 онд батлагдсан хуулийн хэрэгжилтийг нэн түрүүнд тогтоолд оруулсан байгаа. Монголчууд бид олон зуун жилийн турш таван хошуу малаа үржүүлэн өсгөж ирсэн ч, өнөөдөр шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, үнэлгээний ажил удааширсан байна” гэж М.Ганхүлэг тайлбарлалаа.

Түүний хэлснээр, импортоор орж ирж буй эрлийз адууны тоо сүүлийн 10 жилд эрчимтэй өссөн бөгөөд энэ нь үндэсний адууны цэвэр удмыг алдагдуулах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Одоогийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй 4.8 сая адууг уналга, мах, сүү зэрэг чиглэлээр ангилан хөгжүүлж байгаа ч олон улсын түвшинд баталгаажуулж чадаагүй хэвээр байна.

Мөн тэрбээр, Монгол адуу байгаль, цаг уурын эрсдэлтэй нөхцөлд дасан зохицох өвөрмөц чадвартай, олон зориулалтад нийцдэг генетик онцлогтой учраас дэлхийн зах зээлд органик мах, гарал үүсэл баталгаатай бүтээгдэхүүнээр өрсөлдөх бүрэн боломжтой гэж үзэж байна. Гэвч энэ зорилгод хүрэхийн тулд үржил, ашиг шим, өвчлөл, гарал үүсэл зэрэг бүх талын мэдээллийг олон улсын шаардлагын түвшинд бүртгэх шаардлагатай.

Гишүүн М.Ганхүлэг “Жил бүрийн наадмын уралдаан, эрлийз адуутай холбоотой маргааны ард шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого үгүйлэгдэж байна. Бидний өргөн барьсан тогтоолын төсөл нь зөвхөн уралдаантай холбоотой асуудал биш, харин адууны удмын сан, ашиг шим, өвчин, үржил зэрэг цогц асуудлыг шийдвэрлэх зорилготой” хэмээн онцоллоо.

Түүнчлэн адууны гарал үүслийг тодорхойлох боломжтой генетик мэдээллийг бүртгэхийн тулд импортоор орж ирж буй адууг түр хугацаагаар хориглох арга хэмжээ авахыг ч санал болгож байгаа юм. Одоогоор нийт адууны 30 гаруй хувьд ашиг шимийн нарийвчилсан үнэлгээ хийх боломжгүй хэвээр байгааг ч тэр дурдав.

Энэхүү тогтоол нь үндэсний адууны генофонд, селекц үржил, экспортын бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинэ шатанд гаргах эхлэл болохоор төлөвлөгдөж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here