Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар 2025 оны 9-р сарын 5-нд албан ёсны уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд хэлэлцсэн тухай Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээллээ.
Талууд сүүлийн 50 гаруй жилийн харилцааны амжилтыг дүгнэж, цаашид боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг боломжит салбаруудад хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан өргөжүүлэхийн төлөө байгаагаа онцолжээ. 2007 оноос хойш “Өргөтгөсөн түншлэл”-ийн хүрээнд хөгжсөн харилцааг ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхээр тохиролцсон байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: “Австралийн Амбан захирагчийн түвшинд 30 гаруй жилийн дараа болж буй айлчлал харилцаанд шинэ хуудас нээж буйг онцолсон байна.”
Австрали нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэдэг нийтлэг үнэт зүйлд суурилсан Монгол Улсын “гуравдагч хөрш”, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш юм. “Оюу толгой” төсөл болон “Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр” нь Монголын уул уурхайн хууль эрх зүйн орчныг сайжруулах, бизнесийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
Амбан захирагч Саманта Мостин: “Австрали Улс нь ардчиллын нэгдмэл үнэт зүйлс бүхий Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглэсэн байна.”
Тэрээр хоёр улсын иргэдийн харилцаа жилээс жилд бэхжиж, Австралид боловсрол эзэмшсэн Монголын залуус эх орныхоо хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж буйг сайшаажээ.
Талууд боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэтгэлэгт хөтөлбөрийн тоог нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” хөтөлбөртэй уялдуулах, Австралийн сайн дурын багш нарыг Монголд ажиллуулах, богино болон дунд хугацааны сургалтуудыг хэрэгжүүлэх талаар хэлэлцжээ.
Хоёр улс бэлчээрийн мал аж ахуй, фермийн аж ахуй эрхэлдэг тул уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхий нийтийн сорилтыг хамтдаа даван туулахыг зорьж байна. Энэ хүрээнд Австралийн Олон улсын хөдөө аж ахуйн судалгааны төвтэй хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” хөтөлбөрүүдийн хүрээнд хамтран ажиллах боломжуудыг хэлэлцсэн байна.
Талууд НҮБ болон бусад олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж ирснийг онцолж, цаашид бүс нутаг, олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 онд Улаанбаатар хотноо болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд Австралийн төлөөлөгчдийг өндөр түвшинд оролцохыг урьсан байна.