Хоёр улсын харилцаа хагас зуун жилийн турш өргөжин бэхжив
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал энэ сарын 5-нд Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав.
Н.Учрал уулзалтын эхэнд Австралийг Монголын гуравдагч хөрш, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь стратегийн чухал түнш хэмээн тодотгож, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн хагас зуунд уул уурхай, боловсрол, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт тогтвортой, идэвхтэй өргөжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Тэрээр сүүлийн жилүүдэд дээд, өндөр түвшний айлчлалын давтамж нэмэгдэж, улс төрийн яриа хэлэлцээ илүү идэвхжсэн нь харилцааг чанарын шинэ түвшинд гаргаж буйг онцолж, Австралийн парламентад үйл ажиллагаа явуулж буй Австрали–Монголын найрамдлын бүлгийн идэвхтэй оролцоонд талархал илэрхийлэв. Цаашид хоёр улсын харилцаа, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлийн аливаа санал, санаачилгыг УИХ дэмжин ажиллахаа мэдэгдэв.
“Чөлөөлье” санаачилга, хөрөнгө оруулалтын орчны шинэчлэл
УИХ-ын дарга Н.Учрал уулзалтын үеэр өөрийн дэвшүүлээд буй “Чөлөөлье” санаачилгын талаар танилцуулж, Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх, эдийн засаг, улс төрийн эрх, эрх чөлөөг жинхэнэ утгаар нь тэгш, хүртээмжтэй эдлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор эхлүүлсэн ажлуудаасаа дурдав.
Тус санаачилгын хүрээнд зах зээл дэх чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, эдийн засагт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд таатай эрх зүйн орчин бүрдүүлэх, хууль тогтоомжийн давхардлыг бууруулах, хүний эрх зөрчигдөх эрсдэл дагуулах зохицуулалтыг цэгцлэх зэрэг чиглэлд цогц шинэчлэл хийхээр төлөвлөж буйг онцоллоо.
Мөн банкны салбарын реформыг эрчимжүүлж, олон улсад нөлөө бүхий банкуудыг Монголд үйл ажиллагаа явуулах эрх зүйн нөхцөлийг сайжруулах чиглэлээр ажиллаж байгааг дурдав. Тэрээр энэ ажлыг хэрэгжүүлэхэд Австралийн банк, санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын оролцоо, дэмжлэг чухал ач холбогдолтой хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Австралийн тал ардчиллын нийтлэг үнэт зүйлс, “Чөлөөлье” санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлэв
Элчин сайд Лео Зенг УИХ-ын даргыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, Австрали, Монгол хоёр улс газарзүйн хувьд алс хол оршдог ч ардчиллын нийтлэг үнэт зүйлс, иргэд хоорондын гүн холбоонд тулгуурлан найрсаг харилцаагаа тогтвортой өргөжүүлж ирснийг тэмдэглэлээ.
Тэрээр “Чөлөөлье” санаачилгын хүрээнд ногоон эрчим хүчний шилжилтийг түргэтгэж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өрхийн түвшинд нэмэгдүүлэхэд чиглэсэн зорилтот ажлуудыг Австралийн тал дэмжиж ажиллах сонирхолтой байгааг дурдав. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг түншлэлийг идэвхжүүлэх чиглэлд Австралиас дэвшүүлээд буй санаачилга, хамтын ажиллагааны боломжуудыг онцолсон тухайг Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.






Гадаад харилцаа өргөжиж байгаад баяртай байна
Энэ нь эдийн засагт сайн нөлөө үзүүлэх байх