Орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 хүчтэний барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, ХЦ-0208 анги, Жем Интернэйшнл ХХК, Завхан Даян дэвжээний бөх, МУГТ, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүллээ.
Түүний араас Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, АПУ ХК, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр үзүүрлэв.
Их, дунд шөвгийн бөхчүүд тодорлоо
Их шөвөгт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, Эм Си Эс групп, Богд банк, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх, улсын арслан Э.Батмагнай, мөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-014 анги, Юү Эл И ХХК, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Эбэг ХХК, “Хан Хэнтийн Аварга” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар шалгарсан байна.
Дунд шөвөгт улсын заан С.Сүхбат, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Т.Дүгэрдорж, аймгийн арслан Н.Намнансүрэн нар үлджээ.
Маргааш 128 бөхийн барилдаан болно
Маргааш буюу гуравдугаар сарын 15-ны ням гарагт Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 80 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гарди Пунцагийн Сүхбатын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан болох юм.





