Эдийн засаг, энх тайвны хүрээлэн жил бүр гаргадаг “Global Peace Index 2025” тайлангаа шинэчлэн танилцуулж, Монгол Улс Ази тивийн хамгийн амгалан орны тавдугаар байрт бичигдсэн нь онцлох үзүүлэлт боллоо.
Дэлхийн хамгийн аюулгүй орнуудын шинэ жагсаалт
“Global Peace Index 2025”-ын дүнгээр Исланд 1,095 индексийн үнэлгээгээр 17 дахь жилдээ дараалан дэлхийн хамгийн энх тайван, аюулгүй орноор нэрлэгдэв. Түүний араас:
Ирланд 1,26, Шинэ Зеланд 1,282, Австри 1,294, Швейцарь 1,294, Сингапур 1,357, Португал 1,371, Дани 1,393, Словен 1,409, Финланд зэрэг орнууд эхний арван байрт жагссан байна.
Судалгааг тухайн улсын нийгмийн аюулгүй байдал, дотоод, гадаад зөрчилдөөн, цэрэгжилт зэрэг 23 үзүүлэлтийн нийлбэрээр тооцдог бөгөөд 2025 оны тайланд 163 улс, нутаг дэвсгэрийг хамруулжээ. Ингэснээр дэлхийн хүн амын 99,7 хувийг төлөөлсөн дүн гарсан бөгөөд глобал түвшний аюулгүй байдлын ерөнхий индекс зургаа дахь жилдээ дараалан дордсон нь тэмдэглэгдэв.
Монгол Улс Азид тавдугаар байр эзэллээ
Шинэчилсэн чансаанд Монгол Улс 1,719 индексийн үнэлгээгээр дэлхийд 37, Ази тивд тавдугаар байрт орсон нь манай улс бүс нутагтаа харьцангуй амгалан, тогтвортой орны тоонд багтаж байгааг дахин нотоллоо.
Тайланд Монголыг нийгмийн аюулгүй байдал харьцангуй баталгаатай, улс төр, дотоод маргаан, зөрчил бага, тогтвортой байдлаараа онцлог гэж тодорхойлсон байна. Ази тивийн хэмжээнд Монголын өмнө Сингапур, Япон, Малайз, Бутан улсууд эрэмбэлэгдэв.
Дайн, мөргөлдөөн: Дэлхийн II дайнаас хойших хамгийн өндөр түвшин
Шинжээчид 2025 онд дэлхий даяар нийт 59 дайн, зэвсэгт мөргөлдөөн бүртгэгдсэн нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн өндөр түвшний хурцдал гэж дүгнэжээ. Хамгийн аюултай, эрсдэл өндөртэй улс орнуудад ОХУ, Украин (үргэлжилж буй дайн), Судан, Конго АБНУ, Йемен, Афганистан, Сири, Өмнөд Судан, Израил, Мали нарыг нэрлэсэн байна.
Эдгээр тоо баримт нь дэлхийн хэмжээнд зөрчил мөргөлдөөний эрсдэл огт буурахгүй байгааг, үүний зэрэгцээ тодорхой бүс нутгуудад энх тайван, тогтвортой байдал харьцангуй сайн хадгалагдаж байгааг зэрэгцүүлэн харуулж байна.





