Технологийн салбарын дэлхийн тэргүүлэгч компани Apple ээжүүдийн баярт зориулсан сэтгэл хөдөлгөм шинэ сурталчилгаагаа нийтэд хүргэлээ. Энэхүү бичлэгийн онцлог нь монгол гэр бүл оролцож, өөрсдийн бодит түүхээр дамжуулан дэлхий нийтийн анхаарлыг татаж буй явдал юм.
Тус сурталчилгаанд Apple-ийн дэвшилтэт бүтээгдэхүүн болох Apple Vision Pro-г ашиглан хүүхдийн өсөлт хөгжил, гэр бүлийн өдөр тутмын амьдралыг бүтэн нэг жилийн турш бичлэг болгон буулгасан байна. Уран сайхны найруулгатай тус бичлэгт нөхөр нь уг дүрс бичлэгийг гэнэтийн бэлэг болгон эхнэртээ Vision Pro төхөөрөмжөөр үзүүлж буйгаар дүрслэгддэг.
Ээж нь өөрийн цахим хуудсанд сэтгэгдлээ хуваалцахдаа:
“Бид Apple компанийн албан ёсны сурталчилгаанд тоглов. Бүтэн жилийн турш хүүгийнхээ өсөлтийг хальсанд буулгаж, гайхамшигтай уран бүтээлчдийн хамтын хүчээр дэлхийд хүргэх боломж гарсан нь бидний хувьд бахархалтай мөч байлаа” хэмээн бичжээ.
Уг видеог Apple Vision Pro төхөөрөмжийн контентын санд албан ёсоор байршуулсан бөгөөд дэлхийн алдартай уран бүтээлчид, тамирчид, дуучдын оролцсон бусад сурталчилгаатай ижил түвшинд хадгалагдаж, олон улсын үзэгчдэд хүрч байгаа юм.