Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Байгалийн нөөцийн сайд Гуан Жи Өү-тэй албан уулзалт хийлээ.
Геологи, геохимийн судалгаа, боловсон хүчин, геопаркийн чиглэлд гэрээ байгуулна
АҮЭБЯ-наас мэдээлснээр, уулзалтын эхэнд Монгол Улсын Үндэсний геологийн алба болон БНХАУ-ын Байгалийн нөөцийн яамны Хятадын геологийн алба 2025 оны есдүгээр сард Монгол Улсад зохион байгуулсан “Mining week”-ийн үеэр байгуулсан геологийн шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааны санамж бичгийг үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцжээ. Тус баримт бичгийн хүрээнд хоёр улсын хил орчмын бүсэд геологи, геохимийн болон дагалдах судалгааг хамтран хийх, боловсон хүчний сургалт, мэргэжилтэн солилцоог хэрэгжүүлэх, Монгол Улсад геопарк байгуулахад Хятадын талын туршлагыг судлан хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэл туссан бөгөөд үүнийг бодит ажил болгох хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцов.
Хил орчмын судалгааны зорилтыг хэрэгжүүлэх ажлын эхлэл болгож, Хятадын Геологийн албатай хамтран Монгол Улсын баруун болон зүүн өмнөд хэсэгт 2026 оноос эхлэн хоёр төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд БНХАУ-ын Вуханы их сургууль, МУИС хамтран 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэхэд эрмэлзэж ажиллахаар харилцан тохиролцжээ.
Уурхайн хаалт, хууль бус олборлолт, технологи ба хөрөнгө оруулалтын санал
Талууд уурхайн хаалт, нөхөн сэргээлт, ашигт малтмалын нөөцийг зүй зохистой ашиглах чиглэлээр туршлага солилцох, аргачлал, стандартыг боловсруулах, практикт нэвтрүүлэх боломжийг мөн хөндсөн байна. Үүнтэй холбоотойгоор бичил уурхайн хэлбэрээр алт, жонш хууль бусаар олборлох явдлаас үүдэн байгаль орчинд сөрөг нөлөө үүсэх, иргэдийн итгэл алдагдах зэрэг эрсдэлийг бууруулахын тулд хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, хоёр улсын төрийн байгууллагууд мэдээлэл солилцох, холбогдох хариуцлагыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналыг Гуан Жи Өү сайдад тавьжээ.
Мөн БНХАУ ашигт малтмал баяжуулах, боловсруулах чиглэлд дэвшилтэт технологи нэвтрүүлсэн туршлагадаа тулгуурлан бага агуулгатай хүдэр /Au, Cu, Li, W, Zn, Fe, CaF2, Pb, Sn/-ийг баяжуулах хагас болон бүтэн үйлдвэрийн туршилт хийх хамтарсан лаборатори байгуулах, газрын тосны хайгуул хийх, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах асуудлыг Хятадын Байгалийн нөөцийн сайдад санал болгосон байна.





