Цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилсан мэдээгээр 2025 оны зун Монгол орны ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Зарим бүс нутгаар хур тунадасны хэмжээ ахиу байх тул иргэд үер, голын усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй эрсдэлд урьдчилан сэргийлэх хэрэгтэйг мэргэжлийн байгууллага анхааруулж байна.
Зургадугаар сард Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Завханы зүүн хэсэг болон Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсэг, Төв аймгийн ихэнх нутгаар температур олон жилийн дунджийн орчим байх бол бусад нутгаар түүнээс дулаан байх хандлагатай. Хур тунадасны хэмжээ Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсэг болон зүүн аймгуудын зарим хэсгээр олон жилийн дундажтай харьцуулахад ахиу байна.
Долдугаар сард бүх нутгаар агаарын температур олон жилийн дундажаас өндөр байх төлөвтэй. Харин хур тунадасны хувьд Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтайн баруун хэсгээр бага байх магадлалтай бол Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр ахиу байх хандлагатай байна.
Наймдугаар сарын хувьд Өмнөговийн ихэнх, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэгт температур олон жилийн дунджийн орчим байх бол бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй. Харин хур тунадасны хэмжээ Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн ихэнх нутгаар ахиу байх хандлагатай байгаа тул байгалийн гамшгийн эрсдэлтэй бүс нутгаар аялах, ажиллах гэж буй иргэдэд онцгой анхаарал шаардлагатай байна.
Цаг уурын нөхцөл байдал жилээс жилд өөрчлөгдөж, эрс тэс үзэгдэл нэмэгдэж байгааг харгалзан иргэд аялал зугаалгаар явахдаа цаг агаарын мэдээ, анхааруулгыг тогтмол шалгахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Дулаан улирал ирж буй ч, гэнэтийн аадар бороо, үерийн эрсдэл бодитой тул сонор сэрэмжээ бүү алд.