Монголын хоккейн лигийн “Дархан” баг болон ОХУ-ын “Газпромбанк” багийн нөхөрсөг тоглолт энэ сарын 21-нд “Степп Арена”-д болохоор товлогджээ. Энэхүү тоглолт нь Монголын үндэсний лигийн финалын цувралын үеэр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Тоглолтод ЗХУ-ын гавьяат мастер, олимпын алт, мөнгөн медальт, Дэлхийн болон Европын аварга, олон улсын 100 гаруй тэмцээнд оролцсон нэрт хоккейчин, дасгалжуулагч Василий Первухин оролцоно. Мөн Европын тэмцээнүүдийн аварга, Норвегийн лигийн шилдэг довтлогчоор удаа дараа шалгарч байсан Игорь Мишуков тэргүүтэй туршлагатай тамирчид Оросын багийн бүрэлдэхүүнд багтаж байна.
Харин Монголын талаас гавьяат тамирчин Н.Мишигсүрэн, гавьяат дасгалжуулагч А.Мэргэн, олон улсын хэмжээний мастер Г.Ганхүү, Д.Буянтогтох зэрэг шилдэг тоглогчид мөсөн талбайд өрсөлдөх аж.
Энэхүү тоглолт нь хоккейн спортыг хүүхэд, залууст таниулах, хурд хүч, ур чадварыг харуулах зорилготой бөгөөд финалын тоглолтуудтай хослон явагдах нь үзэгчдэд сонирхолтой уур амьсгал бүрдүүлэх юм.





