Вашингтонд болсон анхдугаар хуралд Монголын төлөөлөл харагдсангүй
Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан “Энх Тайвны Зөвлөл” олон улсын байгууллагын анхдугаар хурал Вашингтонд зохион байгуулагдлаа.
Олон улсын зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэх үүрэгтэй гэж танилцуулагдаж буй уг байгууллагыг өнгөрсөн сард Швейцар улсын Давос хотод болсон Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы үеэр дэлхийн 19 улс хамтран байгуулсан бөгөөд Монгол Улсын ерөнхий сайд Г.Занданшатар тухайн арга хэмжээнд оролцож байсан юм.
Гэвч энэ удаагийн анхдугаар хуралдаанд Монгол Улсаас ямар нэг төлөөлөл оролцоогүй нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гэрэл зураг, дүрс бичлэгээс ажиглагдаж байна. Харин Давост үүсгэн байгуулалцсан бусад улс орнуудын удирдагчид уг арга хэмжээнд хүрэлцэн иржээ.
10 тэрбум ам.долларын амлалт ба Газын зорилт
АНУ-ын гадаад тусламжийн хэмжээг эрс багасгасан Дональд Трамп өчигдөр тус байгууллагад 10 тэрбум ам.доллар хандивлаж байгаагаа зарласан байна.
“Энх Тайвны Зөвлөл” эхний ээлжид Палестины газар нутаг Газын зурваст дайны галыг зогсоож, сэргээн босгох зорилготой гэж мэдээлэгдэж байгаа тул Трампын амласан мөнгө Газын зурваст чиглэх төлөвтэй байна.
Трамп өмнө нь энэ газар нутгаас палестинчуудыг нүүлгэн шилжүүлээд аялал жуулчлалын төв байгуулах санаа дэвшүүлж, олон талын шүүмжлэлд өртөж байсан юм.
Удирдлага, гишүүнчлэлийн дүрэмтэй холбоотой мэдээллүүд
Трамп ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа ч “Энх Тайвны Зөвлөл”-ийн тэргүүн хэвээр үлдэж, гаргасан саналд нь хориг тавих бүрэн эрх эдлэхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл гарч байна.
Мөн тус байгууллагын гишүүний суудал хоёр жилийн хугацаатай байх бөгөөд үүнийгээ байнгын болгохыг хүсвэл 1 тэрбум ам.доллараас дээш төлбөр төлөх дүрэмтэй гэх яриа байгаа аж.
Энхийг сахиулах хүчин, олон улсын болгоомжлол
Өчигдрийн хурлаар Газын зурваст энхийг сахиулах олон улсын зэвсэгт хүчин байрлуулах асуудлыг мөн хэлэлцсэн байна. Хэрэв энэ төлөвлөгөө дэмжигдвэл дэлхийн хамгийн олон муслим хүн амтай улс гэж нэрлэгддэг Индонез 8,000 хүртэл тооны цэрэг илгээхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн гэж мэдээлжээ.
Үүний зэрэгцээ дэлхийн бусад том гүрнүүд “Энх Тайвны Зөвлөл”-д нэгдэхээс болгоомжилж байгаа бөгөөд байгууллагын зорилго тодорхойгүй, НҮБ зэрэг ижил чиг үүрэгтэй одоо байгаа байгууллагуудтай хэрхэн уялдах нь бүрхэг байна гэж шүүмжилж байгаа юм.





