ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцын Оролцогч талуудын Ерөнхий Ассамблейн 25 дугаар чуулганы хүрээнд энэ сарын 24-нд Парис хотноо болсон Дэлхийн өвийн хорооны гишүүн улсын сонгуульд Монгол Улс нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, 2025-2029 онд ажиллах гишүүнээр сонгогдлоо.
161 улсаас 97 санал авч, анх удаа Хороонд багтлаа
Гадаад харилцааны яамны мэдээлснээр, энэ удаагийн сонгуульд нээлттэй таван суудлын төлөө нийт 12 улс өрсөлдсөн бөгөөд Монгол Улс 161 гишүүн улсаас 97-ынх нь дэмжлэгийг авч, Армени, Бангладеш, Чех, Польшийн хамт Дэлхийн өвийн хороонд гишүүнээр ажиллахаар болжээ.
Дэлхийн өвийн хороо нь конвенцын хэрэгжилтийг хариуцдаг гол шийдвэр гаргагч байгууллага бөгөөд дэлхийн байгалийн болон соёлын өвийн жагсаалтад бүртгэхэд санал болгож буй дурсгал, бүс нутгуудыг хэлэлцэж, хадгалалт хамгаалалтыг сайжруулах арга хэмжээг тодорхойлохын зэрэгцээ шаардлагатай тохиолдолд санхүүжилт, дэмжлэг үзүүлэх хөтөлбөр төслүүдийг шийдвэрлэдэг онцгой мандаттай.
Монгол Улс энэхүү чухал бүтэцэд анх удаа гишүүнээр сонгогдож буй нь олон талт, идэвхтэй дипломат ажиллагааны үр дүн төдийгүй дэлхийн хамтын нийгэмлэг дэх манай орны нэр хүнд, байр суурь бэхжиж байгааг илтгэсэн түүхэн үйл явдал болсон гэж үзэж байна.
Монголын Дэлхийн өвүүд ба тэдгээрийн ач холбогдол
Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон бөгөөд түүнээс хойш хэд хэдэн дурсгал, газар нутгийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байна.
Соёлын ангиллаар:
– Орхоны хөндийн соёлын дурсгалт газар
– Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор
– Бурхан Халдун уул болон түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг
– Буган хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолбор
Байгалийн ангиллаар:
– Увс нуурын ай сав газар
– Дагуурын тал (ландшафт)
эдгээрийг бүртгүүлсэн бөгөөд уг бүртгэл нь зөвхөн нэр хүндийн чанартай бус, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүх соёлын өв, байгалийн онцгой үнэт бүс нутгийн хамгаалалт, ашиглалтыг сайжруулах, археологийн болон шинжлэх ухааны судалгааг нэмэгдүүлэхэд бодит түлхэц болж буй юм.
Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар Монгол Улс цаашид өөрийн нутаг дэвсгэрийн өвөрмөц дурсгал, байгаль орчны үнэт баялгийг олон улсын түвшинд илүү идэвхтэй хамгаалж, мөн бусад орнуудын туршлага, сайн жишээнээс суралцан хамтын шийдэл боловсруулах боломжтой болж байна.





