Монгол Улс шатахуун, түлшний хэрэглээнийхээ дийлэнхийг Оросын Холбооны Улсаас импортоор хангадаг. Тэгвэл ОХУ наймдугаар сарын 1-нээс 31-ний өдрүүдэд автобензиний экспортод түр хугацааны хориг тавихаар болсон тухай мэдээлэл тус улсын хэвлэлүүдээр гарч, олон нийтийн анхаарлыг татаад байна.
Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ) албан ёсны тайлбар гаргаж, цахим хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг хүргэлээ.
ОХУ-д автобензиний үнэ 30 орчим хувиар өссөн нь зуны амралтын улирал, аялал жуулчлалын ачаалал, газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хийгдэж буй засварын ажлуудын удаашралаас үүдэлтэй гэж үзжээ. Үүний улмаас ОХУ-ын Засгийн газар 2025 оны 7-р сарын 28-нд автобензиний экспортод хориг тавихаа зарласан байна.
Гэсэн хэдий ч:
Экспортын хориг нь зөвхөн автобензинд хамаарна
Энэ хориг нь Евразийн Эдийн Засгийн Холбооны гишүүн орнууд болон хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээртэй улс орнуудад үйлчлэхгүй
2024 оны есдүгээр сард Монгол, Оросын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр байгуулсан “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хоёр тал шатахуун тасралтгүй нийлүүлэх үүрэг хүлээсэн билээ.
Мөн Роснефть компани манай улсын автобензиний 75 хувийг дангаар хангадаг бөгөөд импортлогч компаниудтай урт хугацааны гэрээтэй хамтран ажиллаж буйг АҮЭБЯ онцолсон.
2025 оны 7-р сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд дараах түлшний нөөц байна:
Аи-92 автобензин – 20 хоног
Аи-95 автобензин – 41 хоног
Дизель түлш – 20 хоног
ТС-1 онгоцны түлш – 50 хоног
Тиймээс шатахууны импортын үйл ажиллагаа одоогоор тогтвортой хэвээр байгаа бөгөөд зах зээлд гэнэтийн тасалдал үүсэх нөхцөл бүрдээгүй гэж АҮЭБЯ мэдэгдлээ.