Монгол Улсад хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр бодитой алхмууд хийгдэж эхэлж байна. 2026-2030 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг энэ чиглэлээр анхны суурийг тавьжээ. Тус ажлын хэсгийг Бүгд Найрамдах Турк Улсын Трабзон их сургуулийн сэтгэцийн тэнхимийн эрхлэгч, хүүхдийн сэтгэцийн эмч, профессор Онур Бурак Дурсун ахалж байгаа бөгөөд мэргэжлийн зөвлөмж, сургалт, үнэлгээний үйл ажиллагааг шат дараатайгаар хэрэгжүүлж байна.
Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсад эмчлэгдэх боломжгүйд тооцогдож байсан аутизмын хүрээний эмгэгийг эрт үед илрүүлж, оношлох боломжийг бүрдүүлэх зорилгоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн сэтгэцийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийг Турк улсад тусгайлан сургаж, дадлагажуулсан байна. Үүний үр дүнд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн СЭМҮТ-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд аутизмын оношилгооны сүүлийн үеийн “ADOS-2” үнэлгээний аргыг албан ёсоор нэвтрүүлээд байна.
ADOS-2 нь аутизмын оношилгоонд дэлхийд өргөн хэрэглэгддэг, нотолгоонд суурилсан үнэлгээний арга бөгөөд хүүхдийн хөгжлийн түвшин, зан үйлийн онцлогийг нарийвчлан шинжилж, онош тогтоох боломжийг олгодог. Энэ аргачлалын нэвтрэлтийг дагаад аутизмын хүрээний эмгэгийг илүү эрт үед, илүү нарийвчилсан түвшинд оношлох нөхцөл бүрдэж байгаа нь монгол хүүхдүүдийн хөгжлийг дэмжих, эрт сэргийлэх үйл ажиллагаанд ахиц авчирч байна.
Мөн Эрдэнэт хотод аутизмын хүрээний эмгэг болон хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг эрт оношлох, мэргэжлийн тусламж, дэмжлэг үзүүлэх төв байгуулахаар ажил эхэлжээ. Уг төв нь зөвхөн оношлогоо, зөвлөгөө өгч зогсохгүй, эрүүл мэнд, боловсролын салбарын мэргэжилтнүүдийг сургах, сургагч багш нарыг бэлтгэх чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулах юм.
Энэ ажлын дараагийн үе шатанд Улаанбаатар хотын зарим дүүрэг, хороонд ижил төстэй төвүүдийг байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр хоёр насны вакцины хамрагдалтын үеэр эцэг эхчүүдийн асуумжаар дамжуулан эрт илрүүлэлт хийх боломжтой болох юм. Сэжигтэй тохиолдлыг “CARS-2” үнэлгээгээр тодорхойлж, шаардлагатай тохиолдолд “ADOS-2” аргаар оношлон, зан үйл, хэл заслын цогц эмчилгээ, зөвлөгөө, дэмжлэгийг үзүүлнэ.
Ажлын хэсгийн гишүүд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд хэрэгжүүлж буй ажлуудын явц, үр дүнг танилцуулж, цаашдын хэрэгжилтийг хамтран дэмжих хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Энэ нь Монгол Улсад аутизмын оношилгоо, үйлчилгээний хүртээмж, чанар шинэ түвшинд гарч буй чухал алхам болж байна.